/ “БОЛЖМОР”-ууд НОМЫН САН-гийн тухай юу гэж жиргэв-2/
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болсон тухай мэдээллийг Medee.MN сайт Шуурхай мэдээгээрээ дамжуулав. Уг зөвлөгөөнөөр согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулж, баар рестораны ажиллах цагийг өвөл зуны хуваарьт шилжүүлэх тухай ярилцжээ. Энэ тухай жиргээчид нэг хэсэгтээ л бас дахин шуугиад амжив. Тоймлон хүргэвээс:
@medeemn: “ШУУРХАЙ МЭДЭЭ: Цэнгээний газруудыг 00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо” гэсэн жиргээнд @anhnii_Tanilhun: “одоо ЧАДДАГ юм бол 24 цагийн номын сан ядаж ганцыг нээгээрэй” гэх хариулт бичсэн бол @nyamochirg: “Су.Батболд оо? Bar хэзээ хаах нь тулгамдсан асуудал биш юм аа. УБчууд НОМЫН САН-тай байх, ном унших л асуудал. Чадахгүй бол морио уя. За юу”, @Ggirl6621: “Номын сангаас илүү бааранд анхаарал тавьдаг болжээ дарга нар!” гэж хатуухан үгээр ташуурдав.
Гэтэл @GNZRG : “Бааргүй бол үхлээ юү? Ном уншицгаагаач. Маргааш Хөлгөн бацаан, эмхишгээ хоёр шиг Баарыг номын сан болго гэж хотын захиргааны өмнө суунаа” хэмээн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлэв. Харин @Undraashka_O: “Баар сав ярихаар л номын сан гд л ороод ирдийн…тэмээ гэхээр ямаа гдг бол энэ бх тэ гэж сая бодлоо би” хэмээн жиргэв ээ.
@nyamochirg: “Бар 00 цагт хаадаг шиг НОМЫН САН ингэж ажилладаг болгочихвол ч уг нь тасарлаа шүү. Номын сан ЗУН бол бүүр ажилладаггүй шүү дээ. Дарга нар аа”, @nyamochirg: “BAR бол хот төлөвлөлт. Манайх шиг жижигхэн хотод бол гарын 10 хуруу шиг байхад л хангалттай. 1000 хүнд ноогдох BAR & НОМЫН САН. Су.Батболд?” гэж сануулсан бол @u_zorig: “Баар хаах цагийг биш номын сан хаах цагийг сунгаж өгөөч ажлаа тараад очихоор хаачихсан бх юм? @Su_Batbold даргаа ” хэмээн сөгдөн мөргөх шахан гуйв аа.
Амжилттай яваа пүүс, компанийн нууц нь ажилчдынхаа нийгмийн асуудал, боловсролд нь анхаардагтай холбоотой ажээ. Улаанбаатар хот, Монгол улс ч мөн адил үүнд анхаарахын чухалыг сануулсан жиргээг @Gombosuren1992 жиргэв. Тэрээр “18 цагт ажил тарлаа. номын сан 20 цагаас хаачихна. Тэхээр яаж ажилчин хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх юм бэ?”, “23 цагт хаадаг, олон салбартай номын сан бий болсоноор ажилчин бид өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой болж ирэх юм”, “Шөнөжингөө ажилладаггүй юм аа гэхэд Ядаж 23 цаг хүртэл ажилладаг номын сантай болоосой хот маань…”, “Тэр номын сан нь нэг газар ч биш нэлээн хэдэн газар тархаад үйл ажиллагаагаа явуулдаг байвал бүр зүгээр…” гэх мэтээр санаа авбал ачихаар нилээдгүй зүйлийг хүүрнэв.
Энэ удаагийн номын сангийн тухай асуудлаарх жиргээний парламентэд хамгийн онцлог жиргээг @u_zorig бичив. Тэрээр: “24 цагын номын сан нээсэн хүнд алтаар хөшөө босгохсон” гэж жиргэсэн нь нэг талаар наргиан мэт боловч нөгөө талаар 24 цагийн номын сан байгуулагдахыг машид ихээр хүсэж буйг нь илэрхийлж буй юм. Харин нөгөө л дэгээдэж, егөөддөг зангаараа @narmandakh_e: “Хөшөө босгох алтаа өгчих тэрүүгээр чинь номын сантай болчихно” хэмээн егзөрлөв.
Өмнөх удаагийн номын сангийн тухай “”БОЛЖМОР”-ууд НОМЫН САН-гийн тухай юу гэж жиргэв” нэртэй өгүүлэлд дурдагдсан, жиргээний ертөнцөд номын сангийн тухай бичдэг ганц дайчин гэдгээрээ алдаршсанТагтад Бодалагийн ордонд Тачаалыг бясалгасан ТАНХАЙ БАНДИ @nyamochirg маань овоо дориун цор цор хийгээд авсныг та дээрх жиргээнүүдээс анзаарсан байх. @TsolmonDashzevg гэх нэр бүхий жиргээч мань ТАНХАЙ БАНДИ-ийн өөдөөс “Номын сан” гэж ямар юм бнаа ах?” хэмээн хэдэрлэж байж @nyamochirg: “ажилгуй оффисгуй ар гэртээ юм хийх боломжгуй, архи ууж чаддаггуй, ном худалдан авах чадваргуй улс очдог газрыг хэлдгиймаа” хэмээн овоо дориун хариулт авч хамраа сөхүүлэнгээ алдав. Ийм хариулт авсандаа жаахан зөөрөлч @TsolmonDashzevg: “ах баранд ороо :)). Номын сан музейд тавигдах цагыг та бид амьдадаа үзэх шинжтэй!” хэмээн жиргэв ээ.
Энэ бүгдийн эцэст жиргээч @olzvoi: “Харагдах байдлаас нь л дүгнэлт гаргаж ажил болгох.. Архидалт байна гэвэл архи уухыг нь болиулана гэхээс илүү ёстой номын сан байгуулах г м” хэмээвэй.
Нэмж өгүүлэхэд @Daambii хэмээх жиргээч “Архи уулгасангүй. Наргиулсангүй. Гэрт эрт хариуллаа гэж уурлаж бдаг залуу үе ч байх гэж. Ахмад үеэсэ ичээчээ” гэсэнд @ToogooGovi: “Монголд 04:00 хүртэл ажилдаг номын сан, соёл амралтын хүрээлэн, спорт заал бдаг бол ахмад үесээ ичиж амьдаръя” гэж жиргэснээр энэ удаагийн жиргээний тоймоо өндөрлъе өө.
2016.09.13