Монголын Номын сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй хүмүүстэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг олон нийтэд мэдээлэх, сурталчилах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Баяраатай Монголын номын сангуудын хууль эрхзүйн өнгөрсөн болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагын багт Т.Хайдав, В.Түвшинтогтох нар ажиллаа. Дараагийн удаа ярилцах хүн болон сэдвийг номын санчдын саналаар сонгох боломжтойг дуулгахад таатай байна. Ингээд уг ярилцлагыг толилуулъя.
Арван таван жилийн өмнө номын сангуудын хууль эрхзүйн орчин ямар байв?
2001 онд энэ ажлыг анх авахад номын санд мөрдөгддөг хоёр, гуравхан л дүрэм журамтай, номын сан бие даасан байгууллага байх албагүй, тэр бүү хэл яаманд номын сан хариуцсан мэргэжилтэн байдаг үгүйг нь мэддэг ч үгүй байсан тэр үед орж ирж байсан. Эхлээд их сайхан мөрөөдөлтэй орж ирсэн. Бүх зүйлийг шийдчихдэг их сайхан газар орж ирлээ гэж бодсон. Гэтэл нэгдүгээрт: Эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм байна гэдгийг тодорхой хугацааны дараа ойлгосон. Эрхзүйн орчин сайн бүрдэж байж номын сангийн үйл ажиллагаа тогтвортой хөгждөг юм байна.
Хоёрдугаарт: Санхүүжилтийн асуудал чухал байдаг. Эрхзүйн орчин бүрдлээ ч санхүүжилт байхгүй бол номын сан ашгийн бус байгууллага биш тул заавал төрөөс хараат байдаг. Нийтийн номын сангийн хувьд төрөөс хүчтэй дэмжлэг туслалцаатай байж уншигчдийн эрэлт хэрэгцээг хангах түвшинд хөгжих боломж бүрддэг юм байна гэдгийг ойлгосон.
Номын сангийн эрхзүйн орчин өнөөдөр ямар түвшинд байна вэ?
Эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд Соёлын тухай хууль болон бусад дагалдах хуулиудтай уялдуулан 55 дүрэм журмыг батлуулсан байна. Эдгээр дүрэм, журманд тулгуурласан хууль гаргахгүй бол болохгүй юм байна гэдэг нь ойлгомжтой болж ирсэн.
Хуулийг бий болгоход нэгдүгээрт: стандарт,
Хоёрдугаарт: дүрэм, журмууд чухал шаардлагатай болсон.
Энэ хоёр зүйл нь хуулийн хөл болж өгдөг юм байна. Хөл нь сайн байж хууль гарч ирэх ёстой байсан. Ингээд 2012 онд хуультай болох ёстой юм байна гэдэг салбарын санаачлага маш ихээр гарах болсон. Тухайн үед Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байсан Г.Аким гуай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа Үндэсний номын сангийн эрхзүйн баримт бичиг батлах шаардлагатай байна гэсэн санал өгсний дагуу Ерөнхийлөгч санаачилж энэ хуулийг боловсруулъя гэж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаад дан ганц Үндэсний номын санд зориулсан бус бүх номын сангуудад хамрах “Монголын номын сангийн тухай хууль” батлуулахаар тохирсон. Энэхүү хууль дотроо “Үндэсний номын сангийн эрхзүйн орчин”-г багтаая гэсэн санал санаачлага гарган ажилласан. Хууль боловсруулахад амаргүй байсан. 2012 оноос 2014 он хүртэл ажилласан. Энэ хооронд Улсын Их Хурлаас ч гэсэн ажлын хэсэг гарч энэ хууль дээр ажилласан. Энэхүү хуулийг батлахын тулд 20 гаруй орны хуулийг судлаж үзсэн. Үүний үндсэн дээр Монголын хөрсөн дээр яаж буух вэ гэдэг талаас нь анхааран үзэж боловсруулснаар 2014 онд энэ хууль маань батлагдсан.
Энэ хуулийг нарийн авч үзвэл дээр дурдагдсан 55 дүрэм, журам ерөнхийдөө базагдаад орчихсон байгаа. Хууль батлагдснаар янз бүрийн салбарт харъяалагдаж байсан номын сангууд бүгд энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн. Түүнээс гадна номын санг татан буулгах, хувьчлах асуудал байж болохгүй асуудлыг ч мөн тусгаж өгсөн байгаа. Энэ бүхнийг боловсруулж, батлуулахад хуулийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан, тухайн үеий УИХ-н гишүүн Ё.Отгонбаяр томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүнд маш их талархаж явдаг. Энэ боломжийг ашиглаад Ё.Отгонбаяр сайддаа салбарынхаа нэрийн өмнөөс талархаж явдагаа илэрхийлж байна.
Эрхзүйн орчин ингээд бүрдчихлээ. Үүний нөлөөгөөр номын сан ирээдүйд ямар байхаар төсөөлж байна вэ?
Номын сан бол байнга өсч хөгжиж байдаг газар. Хэзээ ч нэг байрандаа зогсоод номын сан хөгжлийн оргилд хүрчихлээ гэж хэлж болдоггүй байнга өөрчлөгдөж байдаг боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага юм.
2001 онд анх орж байхдаа номын сангуудыг компьютертэй болгочих юмсан гэсэн бодолтой орж ирж байсан бол өнөөдрийн авч өгсөн компьютер нь жил жилдээ хүчин чадал нь шинэчлэгдэж байна. 2001 онд электрон номын сангийн талаар ойлголтгүй, электрон каталог бүрдүүлчих юм сан гээд л, тэр нь үлгэр домог шиг санагддаг байсан. Гэтэл өнөөдөр цахим ном, номын сангийн талаар яриад номын сангуудаа яаж хооронд нь нэгдсэн сүлжээтэй болгох, мэдээлэл солилцох боломжийг бий болгох гэх мэтийн байнга л урагшилж, тэмүүлж, цаг хугацаатай уралдаж явж байна. Яагаад гэвэл номын сангийн уншигчид нийгмийн хөгжлийн урд алхаж явдаг хүмүүс юм. Тэр хүмүүсийн эрэлтийг хангахын тулд номын сан тэмүүлэлтэй, хурдтай хөгжих шаардлагатай байна. Энэ хэмжээнд хүрье гэвэл би байтугай, миний дараагийн үе ч санаандаа тултал хөгжчихлөө гэж хэлэх нь учир дутагдалтай. Харин тодорхой нэг төлөвлөгөө гаргачихаад түүндээ хүрсэн үү үгүй юу гэдэг бол өөр хэрэг.
Номын сан мэдээллийн төв байх чиглэлээр 2000-аад оны дунд үеэс эрчимтэй ажиллаж эхэлсэн. Номын сангуудыг электрон каталогтой болгох, номын сангийн цогц програмтай болгох гэх мэтчилэнгийн ажлууд нилээнд эрчимтэй явагдсан. Энэ ажлын хүрээнд ЮНЕСКО-гоос үнэ төлбөргүй CDS/ISIS програмыг нэвтрүүлэх, Монголын програм хангамж зохиодог компаниудын дунд уралдаан, сонгон шалгаруулалт зарлаж Lib4U програмыг нэвтрүүлэх гэх мэтчилэнгийн ажлуудыг хийсэн. Програм хангамж бий болоод ирэхээр үүнийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Ингээд БСШУСЯ-наас 2008 онд бүх аймаг нийслэлийн номын сангуудад Мэдээлэл харилцаа, технологи хариуцсан орон тоог бий болгож өгсөн нь номын сангийн хөгжлийн түүхэн нэг чухал алхам болж өгсөн. Одоо эдгээр ажилтнууд номын сангийнхаа програмыг хөгжүүлэх ажлыг хариуцаад явж байна. Аймаг, нийслэлийн номын сангууд програм хангамж, IT-ийн ажилтантай болоод цэгцрээд ирсэн чинь сумын номын сангууд орхигдоод ирсэн. Сумын номын сангуудын програм хангам, электрон каталогтой болгохын тулд 2012 оноос ССАЖЯ-наас сумын номын санг электрон каталогийн програмтай болгох ажлыг зохион байгуулж МонБиблио програмыг ашиглуулж эхэлсэн. Уг програмын тусламжтайгаар сумын номын сангууд өөрийн номын санд хадгалагдаж байгаа ном, хэвлэлийн электрон каталогийн баазыг бүрдүүлэх ажлыг өнөөдөр хүртэл хийж байна. Увс, Төв зэрэг аймгууд 100 хувь номуудаа каталогжуулж дууссан байна. Уг програмд бид татгалзалын модулыг суулгаж өгсөн. Уг модуль нь тухайн сум, орон нутагт ямар ном бүрдүүлэх шаардлагатай байгааг судлан үзэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Энэ хугацаанд төр бүх ажлыг хийгээд яваад байсангүй.
Эрхзүйн орчныг бүрдүүлэх, програм хангамжаар хангах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр мэргэжлийн сургууль, мэргэжлийн холбоод маш их үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал Монголын Номын Сангуудын Консерциумыг дурдаж болох юм. Уг консорциум БСШУЯ-тайгаа хамтраад номын сангуудыг чадавхжуулах, орчин үеийн мэдээллийн олон улсын лицэнзийн зуучлалыг хийх чиглэлээр маш их ажлыг гүйцэтгэсэн. Дараагийн ярилцлагыг Монголын Номын Сангуудын Консерциумаас авч дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх байх гэж бодож байна. Энэ их ажлыг хийхэд данц ганц төрөөс хамаардаг ажил бишээ. Энэ ажил бол манай бүх төрлийн номын сангууд, холбоод, мэргэжлийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил юм.
Энэ хугацаанд ямар бэрхшээл тулгарч байв? Анх энэ газар ямар бодол, төлөвлөгөөтэй орж ирсэн бэ? Тэрхүү төлөвлөгөөндөө хүрч чадсан уу?
Би 2001 оноос БСШУЯ-нд Номын сангийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ном хэвлэлийн салбарын эрхзүйн орчныг бүрдүүлэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, номын санг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны төсөл хөтөлбөр, үндсэн чиглэл, үзэл баримтлалыг боловсруулах, тэдгээр баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хариуцаж ирсэн. Энэ хугацаанд номын сангийн урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулахын тулд төрийн зүгээс болоод олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр ажиллаа. Тухайлбал Монгол Улсын Үндэсний номын сангийн Стратеги төлөвлөгөөг ОУ-ын Номын сангийн холбооны/IFLA/ электрон мэдээллийн сүлжээний экспертүүдтэй хамтран 2016 оныг хүртэл стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, өнгөрсөн жил тус төлөвлөгөө дууслаа.
Төрөөс баримтлах бодлогын хүрээнд номын сангийн боловсон хүчнийг бэлтгэх, бодлогыг нь төлөвлөх номын сангуудын бие даасан үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх, номын сангийн сан хөмрөгт хуримтлагдсан соёлын асар их үнэт зүйл мэдээллийг бүх нийтэд чөлөөтэй хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд номын сангийн үйлчилгээний стандарт, норм, нормативыг боловсруулах чиглэлээр ажилласан. Өнөөдөр улсын хэмжээнд номын сангийн чиглэлээр 18 стандарт мөрдөгдөж байгаа. Энэ 18 стандарт дотор “Номын сангийн орчин нөхцөл”-ийн стандарт бидний өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт юм. Энэ стандартын дагуу Монгол улсад буй бүх номын сангууд номын санд тавигдах наад захын шаардлага болох номын фондод тавигдах стандарт, уншлагын танхимд тавигдах стандарт түүнчлэн номын сангийн орон тооны жишиг стандарт, номын санчийн өдөр тутмын үйл ажиллагаа болох ажлын норм, нормативыг баримтлах стандартуудыг батлан гаргаж өгсөн. Ингэж батлаж өгснөөрөө Монголын номын сангууд өнөөдөр мэргэжлийн түвшинд уншигчдад номын сангийн үйлчилгээг хүргэх, эрхзүйн бичиг баримттай болсноороо номын сангийн хөгжилд нилээд дэвшил гарсан гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын ном хэвлэлийн салбарт нийтдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Сайдын түвшинд батласан дүрэм, журам гэх мэтчилэн 55 эрхзүйн баримт бичиг мөрдөгдөж байгаа. Түүн дундаас хамгийн том, бидний түүхэнд хамгийн анхдагч хийсэн зүйл бол Номын сангийн хуультай болсон явдал юм. Энэ хууль маань Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 1509 номын сан харъяаллын хувьд янз бүрийн салбарт харъяалагдаж байсан. Жишээлбэл Армийн номын сан БХЯ-нд, Анагаахын салбарын номын сангууд ЭМЯ-нд, боловсролын салбарын номын сангууд БСШУЯ-нд, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн номын сангууд Хөдөлмөрийн яаманд гэх мэтээр өөр өөр газар харъяалагдаж байсан. Үүнээсээ шалтгаалаад эдгээр номын сангуудын үйл ажиллагааг явуулах эрхзүйн орчны асуудал янз бүрийн түвшинд шийдэгдэж, бараг тухайн харъяалагдаж байгаа салбарынх нь үзэмж, салбарынх нь номын сангийн талаарх ойлголт, үнэлэмжийн түвшинд шийдэгдэж байсан. Тухайлбал зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж байх үе буюу 1990 онд улсын хэмжээний 400 гаруй нийтийн номын сан байсан. 2000 онд номын сангийн чиглэлээр иж бүрэн судалгаа хийгээд үзэхэд 181 болтлоо буурсан байсан. Энэ нь ямар учиртай юм бэ гээд судлаад үзсэн чинь сургуулийн номын санг сумын нийтийн номын сантай нэгтгээд 165 сумын номын санг татан буулгасан байсан. Жишээлбэл зах зээлийн энэ шилжилтийн үед Улаанбаатар хотын төв номын сан дүүрэг хороодод 20 гаруй жижиг уншлагын танхим, газруудтай байсан нь бүгд татан буугдсан байна. Улсдаа ганцхан Хүүхдийн төв номын санг мөн татан буулгасан зэрэг нь өөр өөр харъяалалд байснаас бий болжээ. Яагаад сумын номын сан сургуулийн номын сантай нэгдсэн гэвэл тухайн үед Гэгээрлийн яам гэж байгуулагдаад соёлын асуудал хариуцсан агентлагийн түвшинд номын сангийн асуудлыг шийдчихсэн байсан. Үүний үр дүнд сумын номын сан, сургуулийн номын санг нэтгэсэн базаахгүй түүх бий болсон. 2007 онд БСШУЯ-ны сайдаар Ө.Энхтүвшин томилогдон ирж “…сургуулийн номын сан сумын номын сантай нэг байх нь хамгийн зохисгүй асуудал…” гэж үзэн энэхүү хоёр номын санг салгаж үйл ажиллагааг тус тусад нь явуулж эхэлсэн. Хамарсалтай нь энэ хугацаанд бид маш их юм алдсан. Юу гэвэл номын сан байгуулагдсан цагаасаа эхлээд бий болсон материаллаг бааз, боловсон хүчин, тогтсон үйл ажиллагаа алдагдсан. Энэ алдагдсан зүйлсийг 2007 оноос ахин сэргээх, бий болгох гэж оролдож буй ч өмнөх түвшинд очиж чадаагүй байна. Эхний ээлжинд сумын номын сангуудын ширээ сандалыг нь шинэчлээд уншигчдын ном унших тав тухтай орчныг бүрдүүлээд үзэсгэлэнгийн тавиуртай номын фондыг нь бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мэдээж орчин үед мэдээлэл технологийн дэвшил дээр үндэслээд хүмүүс электрон мэдээлэл авах болсон. Уншигчдад электрон мэдээлэл авах шаардлагад нь нийцүүлэн сумын номын сангуудад компьютер, бусад дагалдах төхөөрөмж, цахим номын сангаар хангах, электрон каталогийн мэдээллийн санг бүрдүүлэх талууд дээр анхаарал тавьж ажиллаж байна.
Номын сангийн хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
Хууль батлагдлаа. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш чухал байдаг. Үүнийг дагаад дүрэм журмууд батлах явдал маш чухал. БСШУЯ яг одоо эдгээр ажлыг хийж байна. Хамгийн эхэнд 2015 оны 5 сард “Номын сангийн мэргэжлийн зөвлөл”, “Номын сангийн эрдмийн зөвлөл”-ийн ажиллах журмыг батласан. Энэ ямар учиртай вэ гэвэл номын сангийн хөгжилд номын сангийнхнаас гадна эрдэмтдийн оролцоо маш чухал гэж үзсэн учраас энэхүү хоёр зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Одоо номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг энэ хоёр зөвлөлөөр дамжуулан шийдэх зам гарцыг нь бид боловсруулж төрийн захиргааны төв байгууллагад уламжилдаг тогтолцоог бий болгоод байна. Үүнээс гадна Засгийн газраар “Байгалийн гэнэтийн гамшигийн үед номын санг нүүлгэн шилжүүлэх журам”-ыг батлуулсан. Мөн Үндэсний номын сангийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлуулсан. Цаашлаад удахгүй нийтийн номын сангийн дүрэм, Цахим уншлагын журмыг орчин үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.