Аливаа юм оргүй хоосноос бий болдоггүй, тодорхой нэг зүйл дээр үндэслэгдэн бий болдог жамтай.Тиймээс инноваци нь урд өмнө байсан мэдлэгийн нөөц, туршлага дээр үндэслэн хөгждөг.
Инновци нь олон зүйлийн орцтой (хүчийн зүйлээс шалтгаалдаг) гэж үзвэл тэдгээрийн нэг нь мэдээллийн нөөц юм. Инновацад шаардагдах мэдээллийн нөөцийн тодорхой(нэлээд) хэсэг нь номын санд хадгалагдаж байдаг бөгөөд энэ мэдээллийг хэрэгтэй хүмүүст шаардлагатай цаг үед нь түргэн шуурхай хүргэж байх үүрэгтэй номын санг хөгжүүлэх нь чухал юм. Номын санд инновацийг “цаг алдалгүй” нэвтрүүлж, мэдээллийн үйлчилгээг шуурхай болгосноор бусад салбарын хөгжилд түлхэц үзүүлэх нь зайлшгүй.
Инновацид хандах хандлагаар нь байгууллагуудыг стратегич, урьтагч, технологи өөрчлөгч, технологи хэрэглэгч инноватор хэмээн ангилдаг байна. Номын сангийн хувьд “Технологи хэрэглэгч” шинж нь давамгайлдаг. Тухайн цаг үеийнхээ шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй номын сангийн хөгжлийн түвшин салшгүй холбоотой явж иржээ.
МЭӨ 2000 жилийн орчим ном хэвлэх арга нь шавар хавтан байсан бөгөөд тухайн үеийн номын сангууд нь шавар хавтан дээр бичигдсэн номуудаас халт хийхдээ мөн л шөвөр хавтан дээрх каталог ашиглаж байв. (Ашигласан материал бичих) Дундад зууны үед (15-р зуун) номыг олноор хэвлэх болсоноор номын сангийн фондонд хэвлэмэл ном ихээр хуримтлагдав. Эдгээр номын каталогийг тухайн үеийнхээ дэвшилтэт технологийн үр дагавар болсон “ном” хэлбэрт хэвлэж байв. Хорьдугаар зууны жараад оноос номын сангийн ажилд компьютер ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн зууны сүүлийн жилүүдэд RFID (Radio Frequency Identification ) буюу радио долгионы тусламжтайгаар тодорхой аргаар “дугаарлагдсан” зүйлсийг таних, мэдээллийг нь харах технологи нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрсэн байна. Энэ технологийг номын сангийн ажилд ашигласнаар фондын тооллогыг богино хугацаанд хийх, тавиур дээрх номын байрлалт зөв эсэхийг шалгах, хэрэглэгчид өөртөө үйлчлэх, номыг автоматаар ялгаж сортлох зэрэг ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх болсон зэрэг баримтаас үзэхэд номын сан нь инновацийг цаг алдалгүй нэвтрүүлж, тэр хэмжээгээрээ нийгмийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн ажээ.
Инновацийг сумтай зүйрэлбэл эртний номын сангууд тэр сумны үзүүр хэсэгт байсан нь олон баримтаар нотлогддог. Үе үеийн номын санд ажиллагсад нь Каллимах (Александрын номын санд ажиллаж байсан Ливан гаралтай яруу найрагч, эрдэмтэн), И.Кант, Бенжамен Франклин, Мао Зедун гэх мэт тухайн цаг үеийнхээ шинжлэх ухаан болон нийгмийн тэргүүний хүмүүс байлаа.
Зөвхөн энэ баримтаас үзвэл эртний номын сангууд нь инновацийг хэрэгжүүлэгч байхаас гадна хувиргагч, бий болгогч байжээ.
Орчин үед номын сан нь инноваци хэмээх “сум”-ны толгойд биш юм гэхэд цээжин хэсэгт оршин тогтнож үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Номын сангийн автоматжуулалт, тоон номын сан, хэрэглэгчид өөртөө үйлчлэх технологийг ашиглаж, нийтэд мэдээллээр үйлчилж байгаа нь шинэ технологийг цаг алдалгүй өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаагийн баталгаа гэдгийг Сингапур улсын үндэсний номын сангийн жишээгээр тайлбарлаж болно. Тус номын сан болон түүний салбарууд нь нийтийн хэрэгцээнд нэвтрээд удаагүй байгаа технологуудыг барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйлчилгээ зэрэг бүхий л ажилдаа нэвтрүүлжээ. Тухайлбал: Фондын материалын зохион байгуулалт, ном олгох, буцаах үйлчилгээ, ном сортлох, фондын хамгаалалт зэрэг ажилдаа радио долгион танигч технологи (RFID) ; интернэт, электрон нөөц ашиглах болон бусад төлбөрт үйлчилгээндээ төлбөр тооцооны сүүлийн технологи ашиглаж байна.
Харин Монголын номын сангийн салбарт инновацийг нэвтрүүлэх, бий болгох ажил удаашралтай байна гэж үзэж болно. Номын сангийн ажилд компьютер ашигласнаар номын сангийн фондноос эрэл халйт хийх, статистик мэдээ, судалгаа, тайлан гаргах, үйлчилгээ үзүүлэх зэрэг номын сангийн бүхий л ажлыг хөнгөвчилж ажлын чанарыг дээшлүүлэх боломж бүрддэг.
Инновацийг нэвтрүүлэхэд зөвхөн шинэ технологи, тоног төхөөрөмж хангалтгүй бөгөөд тэрхүү шинэ технологийг ашиглах, тоног төхөөрөмжийг ажиллуулах чадвар бүхий ажилтнууд зайлшгүй хэрэгтэй.
Монгол улсын номын сангуудад 1990-ээд оноос компьютер, компьтерийн сүлжээ, интернэтийг номын сангийн салбарт ашиглаж эхэлсэнээр хөгжлийг хурдасгах боломж нээгдсэн билээ. Эхэн үед манай улсын номын сангууд электрон каталог зохион байгуулах ажлыг хийж эхэлсэн. Энэ ажилдаа ЮНЕСКО-оос хөгжиж байгаа орнуудын номын сангуудад зориулж гаргасан CDS/ISIS програмыг ашиглаж байв. Уг програм нь номын сангийн бүхий л ажлыг автоматжуулахад зориулагдаагүй, ашиглахад төвөгтэй байсан тул зарим номын сангууд өөрийн онцлогт тохирсон програм зохиох, зарим нэг нь зах зээлд нэгэнт нэвтэрсэн програм хангамж худалдан авч эхэлсэн. Гэвч програм хангамжийг номын сангийн ажилд нэвтрүүлэх, ажилтнуудаа сургах, хөгжүүлэхэд анхаарал бага хандуулсанаас монголын номын санд автоматжуулалт нэвтрэх, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж мэдээллийн үйлчилгээ үзүүлэх ажил зогсонги байдалд ороод байгааг Монгол улсын үндэсний номын сангийн жишээ харуулж байна. Хэдийгээр Монгол улсын үндэсний номын сан нь өөрийн онцлогт тохирсон L-soft програмыг өөрийн орны програм зохиогчдоор хийлгэсэн хэдий ч уг програм нь олон улсад мөрдөгдөж буй нийтлэг стандарт шаардлагад нийцэхгүй байгаа нь тус номын сангийн электрон каталогоос харагдана. Хэрэв номын санд зориулсан програм зохиолгохоос өмнө ажилтнуудаа сургаж уг програм хангамжийн дизайн зохиоход оролцуулсан бол сайн үр дүн гарах байв.
Дэлхийн ихэнх улсын практикт номын санд ашиглах компьютер, автоматжуулалт болон хамгаалалтын тоног төхөөрөмж нь тухайн улсдаа хэрэглэгдэж байгаа шилдэг технологийг ашигласан байдаг. Гэтэл Монголын номын сангуудад ашигалгдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь ихэнхдээ хуучирсан, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсон байна.
Өнгөрсөн зууны сүүлийн жилүүдэд номын сангийн салбарт нэвтэрч, ихэнх оронд биеллээ олсон тоон номын сан байгуулах арга технологи өнөөдөр манай номын сангуудад туршилтын төдийд нэвтэрч байна.
Өндөр хөгжилтэй орнуудын номын санд шинээр нэвтэрч, эрчимтэй өргөжиж байгаа радио долгионоор таних технологийг (RFID) үйл ажиллагаандаа ашиглаж байгаа номын сан манай улсад байхгүйтэй адил бөгөөд энэ талаар судалгаа шинжилгээний ажил хангалтгүй байна.
Иймд инновацийг нэвтрүүлж, номын сангийн хөгжлийг түргэсгэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Номын санд инновацийг нэвтрүүлэхэд хүний нөөц, хөрөнгө оруулалт, төрийн бодлого зэрэг олон зүйл шалтгаалдаг. Чадварлаг боловсон хүчинтэй байснаар хөрөнгө оруулалтыг олох, төрийн бодлого боловсруулагчдад оновчтой шийдвэр гаргахад нь нөлөөлөх юм.
Монголын номын санд инновацийн түвшин хангалтгүй байгааг харуулсан дээрх баримтуудаас үзэхэд юуны өмнө номын санд ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх хэрэгтэй нь харагдаж байна.
Ажиллагсадын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхдээ туршлагыг дээшлүүлэх, дахин сургах, мэргэшүүлэх зэрэг арга замаар шийдвэрлэж болно.
Инновацийг хэрэгжүүлэгч, бий болгогч ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулсанаар шинжлэх ухаан технологийн дэвшил, ололт амжилтыг номын санд нэвтрүүлэн, ажлыг эмх цэгцтэй болгож, үйлчилгээний чанар дээшилсэнээр нийгмийн бусад салбарын хөгжилд түлхэц өгөх болно.
Ашигласан эх сурвалж:
Ном:
- Моломжамц Д.
Инновацийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ.-УБ.,2007
- Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 1964-2007.-УБ.,2008
- Шуурав Я.
Менежментийн шинэ парадигма.-УБ.,[2007]
- Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог
хөгжүүлэх хөтөлбөр:/2008-2015/ .-УБ.,[2007]
Web site.
http://ciaofromdonna.wordpress.com/2007/04/03/famous-librarians/
http://en.wikipedia.org/wiki/Callimachus