Нийтийн уншлагыг дэмжих журам

Нэг:Нийтлэг үндэслэл

1.1    Номын сангийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан  “Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчилах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2   Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн бүх салбарт мэдлэг мэдээллийг эргэлтэнд оруулан монгол хүний оюун санааны болон эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3   Ном унших ажлыг бүх нийтийн хэрэглээ болгох зорилгын үүднээс зохион байгуулж буй тогтмол үйл ажиллагаа байгууллагын хамт олны ажлыг нийтийн уншлага гэж үзнэ. Нийтийн уншлагыг дэмжих нь улс орны бүтээн байгуулалтанд оролцох хүний хөгжилд зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

1.4   Энэхүү журмыг өмчийн хэлбэр харгалзахгүй номын сан, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дагаж мөрдөнө.

 

Хоёр: Нийтийн уншлагыг  зохион байгуулах үйл ажиллагаа

2.1 Уншлагыг нийтийн хүртээл болгох зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр албан байгууллага бүр уншлагын төвтэй байна. Энэхүү төв нь тухайн албан байгууллагын ажиллагсдыг ном, мэдээллээр хангах зорилгоор ном тогтмол хэвлэлтэй байж, өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн болгож ажиллана.

2.2 Албан байгууллагууд уншлагын төвүүдийг ажиллуулахдаа харъяа дүүрэг, орон нутгийн нийтийн номын сангуудтай хамтран ажиллаж, арга зүйн туслалцааг авна.

2.3   Номын клуб, уншлагын газруудыг байгуулахад Соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагаас дэмжиж ажиллана.  

2.4 Нийтийн уншлагын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллана. Ажлын хэсэг нь  хэвлэл мэдээллийн байгууллага, номын сан, хэвлэлийн газар, зохиолчдын эвлэл, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон ТББ-ын төлөөллөөс бүрдэнэ.

2.5   Монгол уншигчдын уншлагын судалгаа хийдэг Судалгааны төвтэй байна.

2.6 Нийтийн уншлагын хүрээнд хийсэн ажлын тайланг жил бүр судалгааны төвд ирүүлэх бөгөөд төв нь хяналт үнэлгээ шинжилгээ хийн нэгдсэн тайланг Соёлын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад хүргүүлнэ.

2.7  Нийтийн уншлагыг дэмжсэн “Номын баяр”, “Номын яармаг” зэрэг үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

2.8  Оюуны соёлын үнэт өв болсон эх хэлийг хамгаалах, өвлүүлэх зорилгоор ардын үгийн урлагийн болон  Д.Нацагдорж, Б.Явуухулан,Д.Намдаг, Ч.Лодойдамба нарын уншлагын  уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулна.

2. 9  Аймаг, сум дүүрэг нь төрөлх  нутгаас төрөн гарсан эрдэмтэн, зохиолчдын нэрэмжит уншлагын уралдааныг зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлана.

2.10 Уншлагыг амьдралынхаа салшгүй хэсэг болгох үйл хэрэгт хүүхэд, залуучууд, гэр бүл, байгууллага хамт олныг татан оролцуулах, тэдний ном унших хүсэл сонирхолыг идэвхжүүлэх зорилгоор “Уншлагын цаг”, “Гэр бүлийн уншлага”, “Уншлагын сар”-ын аяныг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулна.

2.11. ЕБС-ийн бага, дунд, ахлах анги бүр 7 хоногт 1 удаа уншлагын цагтай байна.

 2.12. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн байгууллагууд нийтийн уншлагаар дамжуулан хүүхдийг зөв ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэх “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон талт ажлыг өргөн хүрээгээр зохион байгуулна.

2.13 Хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагууд зөв ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг уншлагаар дамжуулан зохион байгуулна. Тухайлбал: Ном уншсан хүмүүжигчийн ял шийтгэлээс зохих хоногийг хасах. (Тодорхой тусгана) Үр дүнг нийгмийн ажилтан болон нийтийн өмнө тайлагнах хэлбэрээр тооцно. 

2.14 Номын сан, уншлагын төвүүд нь Тусгай бүлгийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн стандарт орчныг бүрдүүлж, уншлагын олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

2.15  Нийтийн уншлагыг зохион байгуулдаг номын санч, бүх шатны боловсролын байгууллагын  багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулна.

Гурав: Уншлагыг дэмжих, сурталчлах үйл ажиллагаа

3.1  Мэдээллийн хэрэгслүүд нь  уншлагыг  олон нийтийн  хүртээл болгоход чиглэгдсэн нэвтрүүлгийн цаг,  цахим болон тогтмол хэвлэлийн буланг тогтмол ажиллуулна.

3.2  Нийтэд зориулсан уран зохиол, техник технологи, байгалийн шинжлэх ухааны салбарын тогтмол хэвлэлийг олноор бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ.  

3.3 Уншигчдын нас сэтгэхүйн  онцлогт тохирсон ном зохиолыг тодорхой мэргэжлийн хүмүүс зохиолчидтой хамтран улсын захиалгаар бүтээж нийтийн хүртээл болгоно.

3.4  Нийтийн зорчигч тээврийн хэрэгслэл, нийтийн хоолны газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудад нийтийн уншлагыг сурталчилсан материалуудыг олноор байршуулах, сурагчдын дэвтэр, номны хавчуурга, цүнх зэрэг боломжтой хичээлийн хэрэглэлийн дээр, мөн гар утасны мэдээлэлд монгол ардын оньсого, таавар, онч мэргэн үгс, сургаал үг зэргийг бичиж сурталчилна. 

3.5  Нийгэмд ном уншлагын талаар гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлт, үр дүн, уншигчдын талаарх мэдээ мэдээллийг тогтмол хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.

Дөрөв: Шагнал урамшуулал

4.1  “Тэргүүний уншигч- Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнагдсан хүүхэд залуучуудын ном унших тэргүүн туршлага, арга барилыг нийтэд сурталчлах, алдаршуулах  үйл ажиллагааг  бүх шатны боловсролын байгууллагын номын сан, нийтийн номын сангууд  тухайн жилийн турш зохион байгуулна.

4.2   Аймаг, нийслэл, орон нутгийн  Засаг дарга нар тухайн орон нутагт Нийтийн уншлагыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан уншигч, иргэн, гэр бүл, байгууллага хамт олныг жил бүрийн “Номын баяр”-ын  өдөр шагнаж урамшуулна.

 4.3 Нийтийн уншлагын түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавъяа байгуулж ажилласан төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагыг урамшуулах ажлыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.