Номын санч, мэдээллийн ажилтныг идэвхжүүлэх асуудал

Аль ч номын сангийн тухайд өөрийн үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорилгоо болгодог. Өндөр мэдлэг чадвартай, ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж буй номын санч л энэхүү чанартай үйлчилгээ үзүүлэх нь дамжиггүй.

Идэвхжүүлэлт нь номын сангийн үйлчилгээг чанартай болгох үндэс суурь нь гэж үзэж болно.

Ихэнх мэргэжилтнүүдийг ангилдагийн нэгэн адил номын санчдыг дотор нь гурав хуваадаг байна. Тэдгээр нь:

  • Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зүйл санаачилж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг гэсэн эхний хэсэг
  • Хоёрдахь хэсэг нь хэн нэгний хүсэлт, шаардлагаар хийдэг боловч материал болон бусад нөөцөөс шалтгаалан дутуу дулимаг гүйцэтгэдэг хэсэг. Тэдгээр хүмүүст юм хийх мэдлэг чадвар нь байдаг боловч “яагаад ийм болов?” гэсэн асуулт тавихгүй л аливаа юмыг дутуу хийдэг.
  • Гуравдахь хэсэг нь маш хүндрэлтэй бөгөөд тэдгээр хүмүүс  ажилдаа өсөж дэвших нь тун хүнд байдаг. Тэд ихэнх тохиолдолд нэгэн хэвийн ажил хийдэг ба өөрийгөө идэвхжүүлэхгүйгээр эргэн тойрондоо сөрөг нөлөө үзүүлдэг.

Байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхдээ ямар ажлыг хэн, хэзээ, хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг менежер төлөвлөлт, зохион байгуулалтын явцад шийдсэн байдаг. Гэвч энэ бол зөвхөн шийдвэр бөгөөд үүнийг ажил хэрэг болгон хөдөлгөхөд хүмүүсийг байнга өдөөн идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд тогтвортой ажиллаж амжилт гаргахын гол үндэс гэж менежментэд үздэг.[1]

Тиймээс байгууллага бүр ажилтнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарал хандуулахдаа олон арга хэрэглэдэг. Тэдгээр аргын нэг нь идэвхжүүлэх аргаар мэдлэг чадварыг дээшлүүлэх юм.

Нийтийн номын сангийн үйлчилгээний чанарыг ахиулахыг хүсвэл номын санчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Номын санчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхгүйгээр өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй нийгэмдээ зохицож, мэдээллийг улам нарийн, боловсронгуй аргаар хүлээж авахыг эрмэлзэж байгаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг биелүүлэх боломжгүй.

Номын санд ажиллагсадын мэдлэг чадварыг дээшлүүлж байна гэдэг нь тэдний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байгаа гэсэн үг юм. Менежментийн шинжлэх ухаанд ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дараах тэгшитгэлээр илэрхийлдэг.

Ажилтны хөдөлмөрийн бүтээмж=үүрэг биелүүлэх чадвар+идэвхжүүлэлт+нөөц

байдаг бол харин мотиваци нь

 Идэвхжүүлэлт=ажилдаа сэтгэл ханах дотоод мэдрэмж+гадаад боломжууд гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг ажээ.

Ажилтанд мотивац үүсгэдэг гадаад орчны боломжуудад мөнгө, албан тушаал дэвшилт, сургалт, аялал, чөлөөт цаг, боловсрол, аюулгүй байдал, сэтгэл санааны тайван байдал багтдаг байна. Харин ажлаас хүртэх дотоод ханамж нь тухайн ажлаас хүртэж байгаа сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг.

Номын сангууд ур чадварын нэмэгдэл,  шилдэг ажилтан шалгаруулах, мэргэжил,мэдлэгийг нь дээшлүүлэх зэргээр урамшуулах арга хэмжээ авч байгаа ч энэ нь өнөөгийн хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байна.

Идэвхжүүлэх нь зөвхөн ажил олгогчид, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг биш бөгөөд номын сан мэдээллийн ажилтнууд нь илүү ихийг бүтээж, өөртөө сэтгэл хангалуун явахын тулд өөрөө өөрийгөө идэвхжүүлэх шаардлагатай.

Өөрийгөө идэвхжүүлсэнээр номын санчид шинэ програм хангамжид суралцах гэх мэт янз бүрийн замаар илүү сайн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Өөрийгөө идэвхжүүлэх нь ихэнх номын санчдын сэтгэлгээнд чухал бөгөөд бүтээлч чадвар болон тусламж нь мэргэжлийн өсөлт, хувийн сэтгэл ханамжийг олгодог.

Нэг хоёрдугаар бүлэгт хамаарагдаж байгаа номын санчид нь өөрийгөө-идэвхжүүлэх чадвартай бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар шинэ техник, технологи нэвтрүүлж номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх боломжтой.[2]

 

Өөрийгөө идэвхжүүлэх нь дараах зүйлийг хийж чадна.

  • Шинэ зүйлд суралцах.Жнь. блог гэх мэт. (Блог ажиллуулах зорилго нь тухайн номын санчийн бичгийн ур чадварыг дээшлүүлдэг.)
  • Өөрийн мэдлэг туршлагаа хамтран ажиллагсад болон бусад номын санчидтай хуваалцах (Янз бүрийн форумд оролцож бичлэг нэмэх, хариу бичих г.м.)
  • Ирээдүйгээ төлөвлөх (Ирээдүйгээ төлөвлөснөөр хэдэн жилийн дараа ямар үр дүнд хүрэхээ мэдэх бөгөөд одооноос ямар арга замаар эхлэхээ шийдэхэд тусална.)
  • Мэдлэгээ дээшлүүлэх нь ирээдүйн шинэ мэдлэгийг эзэмшихэд тусална.
  • Бүх цаг үеийн алдар цуутай номын санчдыг мэддэг байх.

Номын сан мэдээллийн ажилтнуудыг

  1. өөрийгөө хөгжүүлэх, хийж бүтээх дуртай хэсэг,
  2. тодорхой шаардлагын дагуу өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлдэг хэсэг,
  3. өөрийгөө хөгжүүлдэггүй, хөгжүүлэх боломж хомс

гэсэн үндсэн  бүлгүүдэд хувааж, тэдэнд зориулсан идэвхжүүлэх аргыг тус тусад нь боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна.

 

 

Номзүй:

  1. Готов Д. Менежментийн үндэс.-УБ.,2010
  2. Дүрэвдорж Ч. Байгууллагын менежмент .-УБ.,[2006]
  3. Стаут Л. Хүний нөөцийн удирдлага:Удирдагчийн ширээний ном УБ., 2009
  4. http://en.wikipedia.org
  5. http://library-mn.blogspot.com
  6. http://library-profession.blogspot.com
  7. http://unllib.unl.edu/LPP/

 

Илтгэгч: Т.Хайдав

                СУИС.Соёлын Боловсролын сургууль. Ном хэвлэл мэдээллийн профессорын хамтарсан багийн багш

 

[1] Пүрэвдорж Ч. Байгууллагын менежмент.-УБ.,[2006].-х.419

[2] http://library-profession.blogspot.com/2008/12/self-motivation-for-librarians.html