Нийтийн номын сангийн хөгжлийн чиг хандлага

 

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна.

Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм[1].

Тасралтгүй хөдөлгөөнд орших хүний нийгэмд нийтийн номын сан нь байнга өөрчлөгдөж тухайн нийгмийнхээ хөгжилтэй зэрэгцэн явах шаардлага тулгардаг. Энэ утгаараа улс орнуудын нийтийн номын сан нь өнөөгийн мэдээлэл дамжуулах гол хэрэгсэл болсон интернэтийг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэглэж, уншигч үйлчлүүлэгчдийнхээ хүсэн хүлээсэн үйлчилгээг хүргэсээр байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад мэдээллийн технологийн хөгжил хурдтайгаар өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан нийтийн номын сангууд ч энэ жишгээс хоцрохгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ.

Өнөөдөр Монгол улсад нийт 370[2] гаруй нийтийн номын сан үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд, номын санг төрөөс санхүүжүүлдэг, аймаг,сум бүр номын сантай болсон, төрөөс номын санчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авдаг, үйлчлүүлэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын хэмжээ өндөр, нбүх номын сангууд интернэтэд холбогдох боломжтой гэх мэт давуу талууд бидэнд байна.

Гэвч

  • Хүн амын тоо цөөн, тархай байршилтай
  • Ажиллагсадын нөөц хязгаарлагдмал
  • Эрчим хүчний хангамж бага, найдваргүй, сул хөгжсөн
  • Оюуны өмчийн эрх хамгаалалт муу
  • “Лавлагаа номзүй” н үйл ажиллагаа давамгайлсан
  • Мэргэжлийн холбогдолтой гарын авлага, зөвлөмжийн хүрэлцээ хангамж муу
  • “Лавлагаа номзүй” давамгайлсан үйлчилгээ
  • Өөрийн бүртгэлтэй уншигчид үйлчилдэг
  • “Уншигчдын тав тух хангагдаагүй” орчин
  • Гар ажиллагаа давамгайлсан гэх мэт дутагдалтай талууд ч олон бий.

Сүүлийн 20 жилийн дотор мэдээллийн тенхологийн хөгжил санаанд оромгүй хурдтайгаар урагшилсанаар зурагт, радио, гар утас, интернэт, электрон хэвлэл зэрэг мэдээлэл хүлээн авах суваг өргөн болжээ.

Нөгөө талаас ном уншихаасаа илүүтэйгээр “аудио визуал” мэдээллийг илүүд үзэх хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байна.

Иймээс ирээдүйн “завгүй” нийгэмд номын санд очиж үйлчлүүлэх иргэдийн тоо багас хандлагатай байна. Харин “Гэрээр” үйлчилгээ авах уншигчдын тоо нэмэгдэж, үйлчилгээний “өөр” хэлбэрийг шаардана.

Нийгмийн хөгжил, тэр дундаа мэдээллийн технологийн хөгжил асар хурдтайгаар орон нутагт ч нэвтэрсээр байна. Жишээлбэл: Монгол орны аль ч өнцөг буланд гар утасны сүлжээ орсон, аль ч өнцөг буланд олон суваг, тэр дундаа тоон суваг хүлээн авах нөхцөл бүрдсэн (MNBC, DDISH)

Нийгэм, мэдээллийн технологийн хөгжлийг дагаад Web 2.0 (library 2.0) технологи дэлгэрч, хэрэглэгчид интернэт дэх нийтийн сервэрт өөрийн хувийн номын сан үүсгэх, IPTV өдөр тутмын амьдралд нэвтрэх (2015) зэргээр үйчилгээний нэр төрөл, цар хүрээ өргөжиж  “ханагүй” номын сангууд бий болох хэтийн төлөв ажиглагдаж байна. Ингэснээр интернэт, мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглахаас гадна үйлчилгээг номын сангийн барилгын гадаад орчинд хүргэж үйлчлэх ажлыг идэвхжүүлэх шаардлагатай болжээ. (Нүүдлийн, зөөврийн НС тай ижил) Өөрөөр хэлбэл номын сангийн хэрэглэгчид нь онлайн орчинд үйлчилгээ хүлээж авах нөхцөл бүрдэж байна.

Өнөөдөр web 2.0 , library 2.0 буюу нээлттэй номын сангийн тухай ихээр ярьж, бичиж, хэрэгжүүлж байгаа тул номын сангийн үйл ажиллагаа ч энэ чиглэлд хөтлөгдөнө гэдгийг анхаарах цаг нэгэнт болжээ. Иймээс номын сангийн үйл ажиллагаа болоод хэрэглэж байгаа програм хангамж нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх шаарлагатай.

Номын сангийн санхүүжилт аль ч улсын номын санд адил бэрхшээлтэй асуудал байдаг тул төрөөс тусгай санхүүжилт аваагүй байсан ч оролцогчдын хураамжаар соёл олон нийтийн ажил зохион байгуулах, зарим нөхцөлд сайн дураараа, үнэ төлбөргүй ажиллах туслах, сайн санааны хамтрагчдыг олж ажилдаа туслуулах, хөрөнгө босгох гэх мэт аргуудыг ашиглан оршин суугчдад үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал.

Уншигч үйлчлүүлэгчгүйгээр номын сан оршин тогтнохгүй тул тэдний тав тухыг хангах тал дээр аль ч номын сан онцгой анхаарах цаг нэгэнт иржээ.

Хүн бүрт, номын сан бүрт яг тааруулаад хийсэн үйлчилгээ, үйл ажиллагааны жор байхгүй бөгөөд номын сангууд тодорхой хэв загварт баригдахгүйгээр тухайн цаг үеийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн олон олон шинэ үйлчилгээ нэвтрүүлэх нь зайлшгүй.

Нийтийн номын сан нь ирсэн хүмүүсийг бүртгэж аваад тэдний хүссэн мэдээллийг өөрийн нөөцөд түшиглэн өгдөг биш, харин тухайн орон нутагт байгаа оршин суугчдыг судалсаны үндсэн дээр тэдний сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэхэд нь туслах талаар санаачлагатай ажиллаж тухайн нутгийнхаа мэдээллийн (оюун санааны) төв байж чадна  итгэж байна.

 

Номзүй:

  1. Монгол улсын статистикийн эмхтгэл:2010.-УБ.-2011
  2. http://www.mecs.gov.mn/article-120-306.mw
  3. http://www.mecs.gov.mn/director-content-59-315.mw
  4. http://www.nmc.org
  5. http://library-mn.blogspot.com/
  6. http://ala.org

 

[1] МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО

[2] МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ:2010.-УБ.х.348