Хүргэлтийн үйлчилгээ бол гэрээр ном олгох ажлын шийдвэрлэх шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм.
Өнөөгийн номын сангийн ихэнх нь өөрийн вэб сайттай болсон хэдий ч дийлэнх нь танилцуулга, зарим нэг мэдээ, зарлал хүргэх төдийгөөр хязгаарлагдаж байна. Номын сангаас үйлчилгээ авч байгаа ихэнх хэрэглэгчид өөрийн биеэр ирж шаардлагатай мэдээллээ уншиж, зарим нэг мэдээллийг хувилж авдаг.
Гэвч заримдаа “уншигчаар” бүртгүүлээгүй хэдий ч тухайн номын сангийн ажилтнуудын тусламжтайгаар номын сангийн ном, материалыг гэрээр авч уншдаг олон хүн бий. Тэдгээр хэрэглэгчдийн ийм үйлдэл хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай байдаг аж.
Тухайлбал:
- Тухайн хэрэглэгчийн ажлын цаг номын сангийн үйлчилгээний цагтай давхацдаг тул өөрийн биеэр үйлчлүүлэх боломжгүй.
- Номын санд байн байн очих нь төвөгтэй
- Судалгаа шинжилгээний ажил хийхэд үндсэн материалаасаа хөндийрөх гээд байдаг
- Номын сан оройн цагаар ажилладаггүй
- Гэр болон ажлын өрөөндөө номын сангийн мэдээлэл хэрэглэх нь номын сангийн уншлагын танхимаар үйлчлүүлсэнээс тохилог гэх мэт олон шалтгаан бий.
Ингэж авсан ном хэвлэлүүд хугацаандаа буцаж ирэх нь ховор тул тухайн номын эргэлт удаашрах, дараагийн уншигчдын хүлээлт үүсэх, үүнээс болж үйлчлүүлэгч болон номын санчдын хооронд үл ойлголцох байдал үүсэх сөрөг үр дагавартай.
Хэрхэн шийдвэрлэх вэ?
Ихэнх номын санд хэвийн үзэгдэл шахуу болсон энэ сөрөг үзэгдлийг хэрхэн арилгах талаар номын санчид өөр өөрийн аргыг хэрэглэдэг нь гарцаагүй.
Тэдгээр аргуудад нэмэр болох үүднээс дараах санааг орууллаа.
Номын сангийн уншигчийн үнэмлэх олгохдоо ялгавартай хандах:
Энэ нь үйлчлүүлэгч уншигчийн үнэмлэх авахдаа төлбөргүйгээс эхлээд өндөр төлбөртэй гэсэн хэд хэдэн зэрэглэлтэй үнэмлэхээс сонголт хийх эрхийг өгнө гэсэн үг юм.
Сингапур зэрэг оронд үндэсний болон нийтийн номын санд очиж ном, сэтгүүл уншихыг хүсвэл заавал тухайн улсын иргэн байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл номын сангийн ном, материалыг гэрээр авч хэрэглэхгүй тохиолдолд тухайн номын санд хэн ч орж ном уншиж, тухайн ном материалаас хуулбар хийн авч болно.(гадаадын иргэд байсан ч зөвшөөрнө) Харин гэрээр олгох үйлчилгээнд хамрагдах, номын сангийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл авах, номын сангийн техник хэрэгслийг ашиглахыг хүссэн иргэд номын сангийн уншигч болсон байхыг шаарддаг.
Манай улсын хувьд дээрхтэй яг адил үйлчилгээ үзүүлнэ гэхэд бэрхшээлтэй асуудлууд тулгарах хэдий ч бид ирээдүйд энэ жишгийг л дагах нь зүйтэй.
Өнөөгийн нийтийн номын сангууд хүүхэд байсан ч төлбөр авч байгаа нь номын санд ирэх иргэд, үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлаж байгаа нэг шалтгаан мөн.
Иймээс иргэдэд хүрч мэдээллийн үйлчилгээ үзүүлэхийн тулд нийтийн номын сангийн үнэмлэхийг төлбөргүй болон төлбөртэй гэсэн зэрэглэлтэй болгох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр нийтийн номын сангийн төлбөргүй үнэмлэхийг авч болох бөгөөд эдгээр уншигч нь номын санд өөрийн биеэр ирж ном унших, каталогоос мэдээлэл хайх, лавлагааны үйлчилгээ авах эрхтэй байж болно.
Харин төлбөрт үнэмлэх нээлгэсэн иргэд нь номын сангийн мэдээллийн сангаас хайлт хийх, ном материал уншихаас гадна гэрээр ном, материал авч унших, номын сангийн зарим тоног төхөөрөмжийг (аудио сонсогч, интернэт ашиглах, хувилах үйлчилгээ гэх мэт.) ашиглах эрх нь нээгдэнэ гэсэн үг юм.
Ийм төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэхээр зарим хүнд иргэдийг хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан гадуурхлаа гэсэн ойлголт төрж болох юм. Гэвч номын сангаар үйлчлүүлэх суурь үйлчилгээг иргэдэд адил тэгш үнэ төлбөргүй хүргэх бөгөөд харин нэмэлт цаг хугацаа, тоног төхөөрөмж, хүч хөдөлмөр шаардах зарим нэг үйлчилгээг л төлбөртэй болгох юм.
Үнэмлэхийн зэрэглэлд тохируулж ямар үйлчилгээ үзүүлж болохыг дор дурдсанаар харна уу.
Үнэмлэхийн зэрэглэлд үндэслэсэн гэрээр олгох үйлчилгээ:
Төлбөргүй үнэмлэх нээлгэсэн уншигч гэрээр ном авч уншиж болно. Гэвч номын сангийн ажлын цагаар өөрийн биеэр ирж үйлчлүүлэх бөгөөд авсан номоо 3 хоногийн дотор буцааж өгөх үүрэгтэй. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд торгууль төлнө.
Бага хэмжээний төлбөр төлсөн уншигч нь ажлын цагаар өөрийн биеэр ирж үйлчлүүлэх ба авсан номоо 3 хоногийн дотор буцааж өгөх үүрэгтэй хэдий ч тухайн ном, материалыг өөр хэрэглэгч захиалаагүй нөхцөлд дахин 2 удаа 3 хоногоор сунгуулах эрхтэй. Ном материал сунгуулахдаа заавал өөрийн биеэр номын санд ирэх шаардлагагүй. (Утсаар, вэб хуудасаар, мессенжерээр г.м. сунгалтыг хийж болно.)
Дунд хэмжээний төлбөртэй үнэмлэх авсан уншигч нь ажлын цагаар өөрийн биеэр үйлчлүүлж болохоос гадна сард 5 хүртэл удаа номын сангийн номыг гэрээр захиалан авч болно.Авсан номоо 3 хоногийн дотор өөрийн биеэр буцааж өгөх үүрэгтэй ба тухайн ном, материалыг өөр уншигч захиалаагүй нөхцөлд дахин 2 удаа 3 хоногоор сунгуулах эрхтэй.Ном материал сунгуулахдаа заавал өөрийн биеэр номын санд ирэх шаардлагагүй. (Утсаар, вэб хуудасаар, мессенжерээр г.м. сунгалтыг хийж болно.)
Өндөр төлбөртэй үнэмлэх захиалсан хэрэглэгч нь ажлын цагаар өөрийн биеэр ирж үйлчилгээ авахаас гадна сард 10 хүртэл удаа номын сангийн материалыг гэрээр захиалан авч болно. Авсан номыг 3 хүртэлх хоногийн дотор буцаахдаа өөрийн биеэр очих шаардлагагүй. Харин номын сангийн зүгээс тухайн хэрэглэгчийн буцаах ном материалыг очиж авах үүрэг хүлээнэ.Өөр хэрэглэгч захиалаагүй нөхцөлд уг материалыг 3 удаа 3 хоногоор сунгуулах эрхтэй гэх мэт.