Түүхэн хөгжил
Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах ажил Монгол улсад 1990 оны эхэн үед нэвтэрч эхэлсэн. Тухайлбал Шинжлэх ухаан мэдээллийн технологийн төв нь 1989 оноос фондын номзүйн электрон каталогийг үүсгэж байжээ.
/Номын сангийн үйл ажиллагаанд компьютер нэвтэрч эхэлсэн үеийг автоматжуулалттай холбож болох хэдий ч яг зориулалтын програм хангамжуудыг нэвтрүүлж эхэлсэн хугацааг энд тодруулж авч үзсэн болно.
Шинжлэх ухаан технологийн мэдээллийн төв ~1989 оноос CDS, ~1994 оноос CDS/ISIS,
МҮНС 1996 оноос L-Soft,[1]
УБХТНС 1998 оноос Alice for windows[2] /
Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх 20 орчим жилийн хугацаанд бид автоматжуулалт нэвтрүүлэх талаар багагүй амжилт гаргажээ. Тухайлбал: 2003 онд CDS/ISIS програмыг албан ёсоор хэрэглэж байсан номын сан 38[3], [2002] оноос номын сангуудад нэвтэрч эхэлсэн Lib4U програмыг 250[4] гаруй номын сан ашиглаж байна. Сүүлийн үед номын сангууд автоматжуулалтын програм хангамжийг өөрийн номын сангийн онцлог, боломжид тааруулан сонгох болсоноор Koha, Openbiblio зэрэг програм хангамжууд номын сангийн салбарт нэвтэрчээ. Түүнчлэн 2013 онд ССАЖЯ-наас бүх сумдын соёлын төвийн номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах Monbiblio програмыг нэвтрүүлж, үр дүнд нь сумдын номын сангийн нэгдсэн каталогийг үүсгэсэн.
Амжилттай, ололттой олон зүйл байгаа ч номын санд автоматжуулалт нэвтрүүлэхэд саад, бэрхшээл, асуудлууд багагүй тулгарсаар байна.
Асуудлууд
Ойлголт /нэр томъёо/
Номын сангийн автоматжуулалтыг “Номын санд хүний гараар хийгдэж байгаа ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар /хүний гар ажиллагааг/ бууруулах үйл ажиллагаа[5]” гэж үздэг.
Өнөөдөр Монгол улсад зөвхөн номын сангийн автоматжуулалт төдийгүй номын сангийн салбарын нэр томъёо, ойлголтыг нэгдсэн байдлаар тайлбарласан нэр томьёоны толь үгүйлэгдэж байна. Орчин цагийн шаардлагад нийцсэн нэгдсэн нэр томъёоны толь үгүйгээс шалтгаалан номын сангийн автоматжуулалт болон цахим номын санг нэг утгатай мэтээр ойлгох хандлага түгээмэл байна.
Ж/нь: Каталогчлох = Каталогжуулалт
Үндэсний номын сангийн вэб сайтад буй “Каталогийн нэр томъёоны Англи-Монгол тайлбар толь[6]”-ийн нэг хуудсанд “МАРК бичлэг нь машинаар унших каталогчлалын бичлэг юм”, “Хөгжим ба хөгжмийн нотыг каталогжуулах тусгай хөгжмийн тасаг байдаг” гэж хоёр өөрөөр бичсэн байгаа нь нэр томъёо цэгцрээгүйн илрэл болно.
Электрон каталог нь автоматжуулах ажлын нэг хэсэг ч тэнд хэрэглэгдэх нэр томъёонууд харилцан адилгүй, аль талбарт юуг оруулах тал дээр нэгдсэн ойлголтгүй байна. Ж/нь: subject, note, keyword гэх мэт талбаруудад яг ямар зүйл оруулахаа тогтох.
Нэр томъёоны нэгдсэн сан байхгүй тул хүмүүс өөр өөрсдийн ойголтоор хандаад, аль нэг зүйл дээр төвлөрч ажиллаж чадахгүй байна.
Иймд энэ ойлголтын зөрүүг цэгцлэх ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай болжээ.
Дүрэм, журам
Номын сангийн тухай хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, номын сангийн үйл ажиллагаанд мөрдөх орчны стандарт(5742:2007), засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаалууд нь номын сан болон түүний үйл ажиллагааг автоматжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор батлагдаж, хэрэгжиж байна. Гэвч зарим нэг тушаал, дүрэм, журмын заалт нь номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад шууд биш ч зарим талаар саад болдог. Ж/нь: Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрмийн:
“3.1.5. Номын сан нь үсэг дараалал болон төрөл ангийн каталог, сэдэвчилсэн картын санг зохион байгуулах;
3.1.6. Номын сан бүр ерөнхий данс, нэгбүрчилсэн бүртгэл, номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэл, лавлагаа болон татгалзлын бүртгэл, номын сан хоорондын ном солилцооны бүртгэл, уншигчийн карт, сурах бичгийн фондын бүртгэл, алдагдсан номын бүртгэл зэрэг бүртгэлийг заавал хөтлөх;” гэсэн заалтууд нь програмаас гарч буй бүх бүртгэлийг гараар давхар хөтлөх шаардлагатай гэж зарим хүнд ойлгогдож байгаа нь автоматжуулах ажилд томоохон бэрхшээл болсоор байна.
Мөн номын сан хоорондын ном солилцоог програмд яаж тусгах, чөлөөт сонголттой номын сангийн ном олголтыг яаж тооцох, гэрээр олгосон болон танхимаар олгосон номын тоог яаж гаргах зэрэг асуудлууд нээлттэй хэвээр байгаа нь дээрх эрхзүйн баримтуудыг шинэчлэх, сайжруулах, шинээр зарим шаардлагатай дүрэм, журам боловсруулах шаардлагатай байна.
Хүний нөөц
Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах нь мэдээллийн технологитой нягт улдаатай явагддаг ажил. Иймд үйл ажиллагаандаа автоматжуулалт нэвтрүүлж буй номын сангийн ажилтнуудын мэдээллийн технологийн мэдлэг, чадвар нь “хангалттай сайн” байж зорилгоо биелүүлнэ.
Номын сангийн автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн ажилтан ховор байгаа бөгөөд номын санчдын мэдээллийн технологийн мэдлэг харилцан адилгүй (Т.Хайдав Монгол улсын номын сангуудын боловсон хүчний мэргэжлийн ур чадарыг дээшлүүлэх асуудал сэдэвт дипломын ажлын хүрээнд 2006 онд хийсэн судалгаагаар дундаас доош) байгаа нь автоматжуулалтыг шаардлагын түвшинд хэрэгжүүлэхэд саад болж байна.
Дунд болон томоохон номын сангуудын мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд, номын сангийн удирдлагуудын автоматжуулалтын талаарх мэдлэг, ойлголт “хангалтгүй” гэж үзэж болохоор ажээ.
Түүнчлэн номын санчид номын сангийн автоматжуулалтад шинээр нэвтэрч байгаа бүхнийг өөрийн номын сандаа, өөрийн гараар нэвтрүүлэх гэж ажилладаг нь хэдийгээр шинэ зүйлийг нэвтрүүлж буй сайн зүйл боловч ялангуяа жижиг номын сангуудад ажлыг хөнгөвчлөх бус, эсрэгээрээ ачаалал нэмж байж болох юм. Ж/нь: Номын сан бүр өндөр хүчин чадалтай сканнертай байх шаардлагагүй.
Зохион байгуулалт
Автоматжуулах зорилго тодорхой биш байна. Өндөр хүчин чадал бүхий компьютер, програм хангамжтай болчихвол асуудал шийдэгдчих мэт ойлголт нь зорилго биш юм. Харин ямар үйл ажиллагааг автоматжуулахад дээрх тоног төхөөрөмж, програм хангамж хэрхэн ашиглагдах вэ гэдэг нь чухал.
Номын санчид, автоматжуулалтыг хэрэгжүүлэх ажилтнуудад тавигдах шаардлага тодорхойгүй, байгууллага бүрт харилцан адилгүй байгаа нь хөгжилд томоохон саад болж байна. Ж/нь: Аймгийн номын сангийн мэдээллийн технологийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, цалингийн шатлал адил биш.
Номын санчид хоорондоо хамтарч ажиллах талаар хангалтгүй байгаа нь томоохон бэрхшээл болдог. Ж/нь: Электрон каталогт ном оруулахдаа бид нэг номыг номын сан бүр тус тусдаа хийж байна. Үр дүнд нь уг номын талаарх мэдээлэл харилцан адилгүй, дутуу, цаг хугацаа их алдаж байна. Гэтэл автоматжуулалтыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж байгаа улсуудад нэг газар /ихэнхдээ үндэсний номын санд/ уг номын тодорхойлолтыг бүрэн дүүрэн хийгээд, бусад номын сангууд МАРК файлыг татаж аваад, өөрийн номын сангийн мэдээллийг нэмэх байдлаар зохион байгуулагддаг хялбар ажил юм.
Номын санчдыг ажилд авахдаа аль нэг програм хангамж дээр ажиллаж чадаж байгаа үгүйгээр эрэмблэх хандлага давамгай байгаа нь автоматжуулалтыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэхэд нөлөөлж буй бас нэг том дутагдал юм. Номын сангийн автоматжуулалтын аль нэг програм хангамжтай ажиллана гэдэг нь гол шалгуур биш бөгөөд харин цогц байдлаар автоматжуулалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, зүтгэлтэй гэх зэрэг шалгууруудаар шалгах, үнэлэх хэрэгтэй.
Зөвхөн тухайн номын санд хэрэглэгдэж байгаа програм хангамж дээр ажиллаж байсан туршлагыг харгалзаж ажилд авсаныхаа дараа энэ хүн чинь “Муу хүн” гэсэн гомдлыг гаргаж байгаа нь “хүрзтэй” ажилчингаас эксковаторын бүтээмж шаардаж байгаатай утга нэг юм. Энэ бүгдийг нийлүүлж харвал бидэнд номын сангийн автоматжуулалтын талаар нэгдсэн зохион байгуулалт дутагдаж байна гэж үзэхээр байна.
Уншигч, хэрэглэгч
Өнөөдөр уншигчид номын сан, номын сангийн автоматжуулалтын ач холбогдлыг гүйцэд ойлгоогүй байгаа нь автоматжуулалтын хөгжлийг удаашруулдаг гэж үзэж болно. Номын сангийн автоматжуулалтын олон бүрэлдэхүүн хэсэг байдгийн нэг нь электрон каталог. Электрон каталогт зайнаас хандаж, уншлаганд гарсан номыг урьдчилан захиалах үйлчилгээний ач холбогдлыг ойлгохгүй байгаа нь бид ойлгуулаагүйд, эсвэл бүр олж харахгүй байна.
Автоматжуулалтыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс бол уншигчдыг тасралтгүй сургах, мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. Энэ ажил хангалтгүй байгааг их дээд сургуулийн номын сангууд намар нэг удаа номын санг танилцуулаад орхиж байгаагаас харж болно. Энэ нь эргээд уншигчдын мэдээллийн боловсрол дээшилхэд удаашруулах нөлөө үзүүлж байна.
Сургалт
Мэдээллийн технологийн мэргэжилтэй хүнийг номын сангийн автоматжуулалтын чиглэлээр ажиллуулах, эсвэл номын сангийн мэргэжилтэй хүнийг мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэхийн аль нь үр дүнтэй талаар тодорхой судалгаа байхгүй тул энэ чиглэлийн мэргэшсэн ажилтан бэлдэх асуудал өнөөдөр ч хариултаа нэхэж байна.
Номын сангууд өөрийн стратеги төлөвлөгөө, үйлчилгээний стратеги зэрэгт автоматжуулалтын чиглэлийн мэргэжилтэнг өндөр хөгжилтэй улс орнуудад бэлдэх талаар тусгаж, хэрэгжүүлэх шаардлагатай.
СУИС-ийн Соёлын сургуулийн “Номын сан судлал” хөтөлбөрт номын сангийн автоматжуулалтын чиглэлийн мэргэжилтэнг хэрхэн бэлдэх талаар тусгайлсан бодлого дутагдаж байна. Тус хөтөлбөрт номын сангийн автоматжуулалттай холбоотой хэд хэдэн хичээл байгаа ч номын сангуудын автоматжуулалт хариуцсан ажилтан чухам ямар мэдлэг, чадвартай байх тухай тодорхой шаардлага үгүйгээс улбаалан ерөнхий мэдлэг олгох зорилгоор хичээлийн агуулгыг боловсруулан зааж байгаа нь “нарийн мэргэшсэн автоматжуулагч”-ийг бэлдэх нөөц хязгаарлагдмал байгааг харуулж байна. Үүнийг номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах нэгдсэн бодлого, номын сан болон сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаатай холбоотой гэж дүгнэж болно.
Чанар
Чанар гэдэг бол тухайн объектыг чухам тэрхүү объект болгож байгаа гол, тодорхой байдлыг илэрхийлсэн тал юм.[7]
Номын сангийн үйл ажиллагаанд автоматжуулалт сайн нэвтэрсэн гэдгийг чанартай гүйцэтгэлээр харж болно. Хэдийгээр БСШУЯ-ы сайдын 2009 оны 12 сарын 16 өдрийн 563 дугаартай тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад баримтлах зөвлөмж”[8] гэж байгаа ч өнөөдөр бидэнд номын сангийн автоматжуулалтыг ингэж нэвтрүүлбэл шаардлага хангана гэсэн чанарын талаас дүгнэх хэмжүүр дутагдаж байна.
Дүгнэлт
Дээрх бүгдээс дүгнэхэд өнөөдөр бидний нэвтрүүлж буй автоматжуулалт маань зарим номын сангуудад дарамт болон хувирсан байна.
Номын санч бүр ном сканнердах шаардлагатай юу?, номын санч бүр блог хөтлөх, facebook бүлэг, хуудас ажиллуулах хэрэгтэй юу?, номын сан бүр цахим сан хөмрөгийг өөрсдөө үүсгэж, өөрийн хуудсанд байрлуулах нь хэр оновчтой вэ?, Эдгээр ажил нь таны ажил үүргийн хуваарьт тусгагдсан байдаг уу? гэх мэт олон асуултыг бид өөрсдөөсөө асуух цаг нэгэнт болжээ.
Уншигчдын мэдээллийн боловсролыг дээшлүүлэх талаар номын сангууд хамтын хүчээр, нэгдсэн арга ашиглаж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадвал бид номын сангийн ач тусыг, номын санг автоматжуулсанаар ямар эерэг үр дагавар гарч болохыг уншигчиддаа ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч, автоматжуулалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадна.
Номзүй
- Номын сангийн тухай хууль // www.legalinfo.mn
- Нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм // www.meds.gov.mn
- Ерөнхий боловсролын суруулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм // www.meds.gov.mn
- Нийтийн номын сангуудын тайлан 2015 // www.nationallibrary.mn
- Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрхзүйн баримт.-УБ., 2011
- Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад баримтлах зөвлөмж // www.meds.gov.mn
- Хайдав Т. Монгол улсын номын сангуудын боловсон хүчний мэргэжлийн ур чадарыг дээшлүүлэх асуудал:магистрын зэрэг горилсон дипломын ажил.- УБ., 2006
- http://mongoltoli.mn
- http://meds.gov.mn
- http://nationallibrary.mn
- http://en.wikipedia.org
- http://unesco.org
- http://wolves.mn
- http://legalinfo.mn
- http://pl.ub.gov.mn/
Т.Хайдав
СУИС. Соёлын сургуулийн номын сан мэдээллийн тэнхимийн ахлах багш
[1] http://nationallibrary.mn/mn/timeline.html
[2] http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=46:2009-06-25-07-29-14&catid=39:2009-06-24-08-25-05&Itemid=120
[3] http://www.unesco.org/new/en/communication-and-information/resources/news-and-in-focus-articles/all-news/news/report_distribution_of_cdsisis_in_mongolia_in_2003-2/#.Vzvouvl96Uk
[4] http://wolves.mn/
[5] https://en.wikipedia.org/wiki/Category:Library_automation
[6] http://nationallibrary.mn/mn/112-K%D0%B0%D1%82%D0%B0%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BD%D1%8D%D1%80%20%D1%82%D0%BE%D0%BC%D1%8C%D1%91%D0%BE%D0%BD%D1%8B%20%D0%90%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8-%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B1%D0%B0%D1%80%20%D1%82%D0%BE%D0%BB%D1%8C.html
[7] https://mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D0%A7%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80#
[8] http://www.meds.gov.mn/director-content-404-749.mw