Номын сан дахь “Үсэг шиг” уншигчийн “Зураг шиг” хатгамал

Өвлийн сүүл сарын, нэгэн жавартай өдрийн, бага үдийн алдад, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн нийтийн уншлагын чөлөөт сонголттой нэгэн цэлийсэн танхимд уншигч цөөтэй байлаа. Оюутан, сурагчдийн амралт эхэлсэн болохоор тийм байх ажээ.

Тэдгээр уншигчид дотор өөрийнх нь тодорхойлсноор “Тоон дотор үсэг шиг” нэгэн уншигч байв. “Үсэг шиг” тэр уншигч бусдынхаа адил ном унших бус гар утсандаа чихэвч залган дуу сонсонгоо аяга, том жижиг хайч, гал асаагуур, цаас зүсэгч, утас зүү дэлгэн үйл урлаж байх юм.

Өмнөө дэлгэсэн хэрэгслүүд нь зарим номын сангуудад бол авч орохыг хориглодог зүйлс ажээ. Энэ номын сангаар үйлчлүүлэх болсны нэг шалтгаан нь эдгээр хэрэгслүүдийг авч орохыг хориглодоггүйтэй холбоотой гэнэ.

“Үсэг шиг” уншигчийг Ж.Нямзаяа гэдэг. Хувцас дизайны мэргэжилтэй. Оюутан байхаасаа өөрийн хэрэгцээг хангах номын сан эрсээр яваад Д.Нацагдоржийн номын санг “олжээ”. Түүний эрэлд санхүүгийн чиглэлээр сурдаг оюутан эгч нь тусласан бөгөөд “чөлөөт сонголттой”, аятайхан үйлчилгээтэй номын сан байдгийг зааж өгсөн байна.

Анх тэр хичээлтэйгээ холбоотой ном сурах бичиг ашигладаг байсан бол одоо номын санг, номын сангийн орчин нөхцлийг өөр олон янзаар ашиглаж болохыг олж харжээ. Олж харахдаа өөрийн мэргэжилтэйгээ холбон ашиглаж чадсан нь хатгамалын урлал юм.

Гэрт суугаад урлалаа хийж болох ч номын санд суугаад хийх өөрт нь илүү үр дүнтэй байдаг ажээ. Өмнө нь зүүх ороох оёдлоор хэд хэдэн бүтээл урласан бөгөөд одоо хөөргөний дайлан урлаад дуусах шатандаа орж байлаа. Урлаж буй хатгамалыг нь сонирхож үзвэл тун нямбай оёсон байх агаад наасан юм уу, зурсан юм уу гэлтэй.

“Үсэг шиг” уншигчтай хэсэг хугацаанд хөөрөлдөөд салж явах зуур “Номын санг ном уншихаас өөрөөр ашиглаж болдог, нөөц бололцоо бүхий газар гэж боддог иргэн нэг ч гэсэн байдаг л юм байна” гэсэн бодол төрөхийн сацуу “Нийгмийг зодож ухамсарлуулдаггүй, өршөөж энэрч ухамсарлуулдаг” гэх эртний сургаалийг тус номын сан хэрэгжүүлж дүрэм журмаа уян хатан болгож буйд талархаж явлаа.

Номын сангаас гарч ирэхэд үд дунд болж байлаа. Зөрөөд өдий төдий уншигч номын сан руу орж явав.  Тэдгээр уншигчид ч мөн адил нэгийг бодон явцгааж буй нь лавтай.

“Үсэг шиг” уншигч олон болтугай гэх ерөөлөөр энэхүү бичвэрээ өндөрлөе.

 

Э.ЭРТ-ЭДҮГЭ