АШУҮИС – Анагаах Ухааны Төв Номын сан нь Монголын номын сангуудын Консорциумаас явуулсан “2016 оны онцлох 10 үйл явдал”-д ” НОМ НӨХӨН СЭЛБЭХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ” төслөөрөө оролцсон юм.
Тэд “Их дээд сургуулийн номын сангийн номуудын эргэлт их тул амархан хуучрах, салах, урагдах, гэмтэх эрсдэл ихтэй байдаг. Ном сурах бичигт тохиолддог номын материал төрөл, хэлбэр, хийц хэмжээнээнээс хамааралтай дотоод, хадгалалтын орчин (чийгшил, температур, бохирдуулагч бодис, хорхой шавьж, хөгц, тоос шороо) болон эдэлгээ (унших, хувилах, тавиурт байрлуулах, зөөх) – тэй холбоотой гадаад хүчин зүйлээс хамааралтай гэмтлийг нөхөн сэргээх, засах, номонд хуримтлагдсан тоосонцорыг ариутгах, халдвар дамжих эрсдлийг бууруулах, ном, сурах бичгийг хүрэлцээг нэмэгдүүлэх, цахим номын тоог нэмэгдүүлэх боломж бүрдсэн” гэж уг үйл ажиллагаанд нэрээ дэвшүүлжээ.
Уг төслийг “Ном, сурах бичгийн эдэлгээний хугацааг нэмэгдүүлэх, номын фондын хадгалалт хамгаалтыг сайжруулах, уншигчийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хэвлэмэл материалаар номын сангийн үйлчилгээг үзүүлэх…” зорилгоор хэрэгжүүлсэн бөгөөд “номын сангийн ном ариутган цэвэрлэгдэж, халдварт өвчин тээх эрсдэл бүрэн буурч, тодорхой хэмжээгээр номын тоосжилт багасана. Урагдаж гэмтсэн номын тоо цөөрч, номын эргэлт сайжирч, оюутанд үйлчлэх номын тоо хүртээмж нэмэгдүүлэх” ач холбогдолтой гэж үзжээ.
Төслийг 72000000 төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд “Ном сэлбэн засах лаборатори”-той болжээ. Ингэснээр тус төвд ажиллах ном сэлбэн засагчийн орон тоог баталж, 250 орчим номыг стандарт шаардлагын дагуу сэргээн засаж, 2546 номыг сэлбэн засаж уншлагад гаргасан байна. Мөн “Ховор, хуучин, цөөн хувьтай, сургалтын хөтөлбөрт тусгагдсан 348 ном, сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж“, номын сангийн фондын номын 0.2 хувийг ариутгах төхөөрөмжөөр ариутгасан байна.
Ингэснээрээ тэд 2016 онд Монголын номын сангийн салбарт “Шилдэг төсөл, эко үйлчилгээ нэвтрүүлсэн номын сан”-гаар шалгарчээ. Уг номын сангийн туршлагаас судлах хүмүүс 11-320623 дугаарын утсаар холбогдож газар дээр нь очиж үзэх боломжтой.