Ерөнхий номын санч гэж хэн бэ?

Монголын номын сангуудын зарим төлөөлөл 2018 оны 06 сарын 09-20-ны өдрүүдэд АНУ-н төрийн департменээс хэрэгжүүлдэг,  олон улсын зочин манлайлагчийн хөтөлбөрт (IVLP) хамрагдаж АНУ-н номын сангууд, номын сангийн холбоод, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирлээ.

Монголын номын сангуудын консорциум санаачлан хүсэлт гаргаж АНУ-н элчин сайдын яам, БСШУСЯ дэмжсэнээр энэ хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм.

Энэхүү хөтөлбөрт БСШУСЯ, МҮНС, ХүТНС, ХоТНС, Орхон аймгийн номын төв, МУБИС, СУИС, Удирдлагын академийн номын сангийн төлөөлөл нийт 10 номын санч хамрагдсан.

Хөтөлбөрт оролцогчид АНУ-н номын сангуудтай танилцаж Монголд хэрэгжүүлж болохуйц олон сайхан туршлага судалж ирсэн бөгөөд номын санчдад зориулсан сургалт, мэдээллийг 2018 оны 8, 9-р саруудад зохион байгуулахаар бэлтгэж байна.

АНУ-н Конгрессийн номын сан, Нью Хэмпшир мужийн номын сангуудад туршлага судалж байхад нэг нэр томьёо бидний анхаарлыг татсан нь “Ерөнхий номын санч” гэх нэр байлаа.

Учрыг лавлан асуухад тэр нь бидний ойлголтоор “Номын сангийн захирал” гэсэн утгыг агуулж байна.

Яагаад ингэж нэрлэх болсон, энэ албан тушаалд хэрхэн сонгогддог (эсвэл томилогддог), хэдэн жил ажиллах ёстой, ямар шалгуур хангасан хүн ажилладаг, ямар үүрэг, хариуцлага үүрдэг гэх мэт ОЛОН АСУУЛТ асуух ёстой байх. Гэвч энэ бол Америкийн тогтолцоо тул үүнийг орхиод “Конгрессийн номын санч”, “Мужийн номын санч”-ийн танилцуулгыг та бүхэнд хүргэе.

Конгрессийн номын санч:

Конгрессийн номын сангийн ерөнхий номын санч Карла Гайден – Carla Hayden

Конгрессийн номын сангийн ерөнхий номын санч

2016 оноос ерөнхий номын санчаар ажиллаж байгаа. Конгрессийн номын сангийн 14 дэх Ерөнхий номын санч. АНУ-н анхны эмэгтэй, бас Африк Америк гаралтай анхны Ерөнхий номын санч. Бас сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд томилогдсон эхний мэргэжлийн номын санч. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас харж болно. https://en.wikipedia.org/wiki/Carla_Hayden

Конгрессийн номын сангийн ерөнхий номын санчаар ажиллаж байсан хүмүүс:

  1. John J. Beckley (1802–1807)
  2. Patrick Magruder (1807–1815)
  3. George Watterston (1815–1829)
  4. John Silva Meehan (1829–1861)
  5. John Gould Stephenson (1861–1864)
  6. Ainsworth Rand Spofford (1864–1897)
  7. John Russell Young (1897–1899)
  8. Herbert Putnam (1899–1939)
  9. Archibald MacLeish (1939–1944)
  10. Luther H. Evans (1945–1953)
  11. Lawrence Quincy Mumford (1954–1974)
  12. Daniel J. Boorstin (1975–1987)
  13. James H. Billington (1987–2015)
  14. Carla Hayden (2016–)

Конгрессийн номын сангийн удирдлагын бүтэц:

 

Мужийн номын санч:

Нью Хэмпшир мужийн ерөнхий номын санч Майкл Иорк – Michael York

Энэ мужийн “Засаг дарга” нь ерөнхий номын санчаа 4 жилээр томилдог. Ерөнхий номын санч нь Америкийн номын сангийн холбооны аттестачлалд тэнцсэн сургуульд номын сангийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх ёстой. Майкл Иорк нь энэ албан тушаалд 6 удаа томилогдоод байгаа бөгөөд Луйзанагийн их сургуульд (Louisiana State University) номын сангийн магистр зэрэг хамгаалсан.

Майкл Иоркийн ярилцлагыг дараах хаягнаас харна уу. http://www.nhbr.com/October-13-2017/Q-A-with-State-Librarian-Michael-York/

Энэ хүнтэй бид уулзах боломж олдсон бөгөөд 300 жилийн түүхтэй номын санг удирдахын зэрэгцээ мужийн бүх номын санг арга зүйгээр хангах, цахим мэдээллийн сан үүсгэх консорциумыг тэргүүлэх гээд олон үүрэг гүйцэтгэдэг тухай дурдаж байсан.

Багийн гишүүд Майкл Иоркод дурсгалын зүйл гардуулсны дараа зураг авахуулж байгаа нь.

 

 

 

Ашигласан эх сурвалж:

  1. IVLP хөтөлбөрт хамрагдсан үеийн өдрийн тэмдэглэл
  2. https://www.loc.gov/portals/static/about/documents/lcorgchart_072817.pdf
  3. https://www.nh.gov/nhsl/contact_us.html
  4. https://en.wikipedia.org/wiki/Carla_Hayden
  5. https://en.wikipedia.org/wiki/Librarian_of_Congress
  6. http://www.nhbr.com/October-13-2017/Q-A-with-State-Librarian-Michael-York/

 

Нийтлэл бичсэн: Т.Хайдав (СУИС-н Соёлын сургууль. Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч)