“Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтын хаалтын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  10.00 цагт Соёл, урлагийн газрын Хурлын танхимд боллоо.

Монголын номын сангуудын консорциум, Соёл урлагийн газартай хамтран “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт цахим, танхим хосолсон 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн номын сангаас тус бүр нэг номын санчийг сонгож, нийт 20 хүнийг хамруулсан юм.

Сургалтыг хааж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, сургалтыг удирдаж явуулсан Багш Т.Хайдав, В.Түвшинтогтох, Ж.Баатарсүрэн нар оролцож, сургалтад хамрагдсан номын санчдад баяр хүргэж үг хэлж “Сертификат” гардууллаа.

Энэхүү сургалтыг “Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага”, “Интернет дэх мэдээллийн эрэлт хайлт”, “Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт”, “Цахим мэдээллийн түгээлт” гэсэн 4 үндсэн агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Сургалтын эхэнд оролцогчдын түвшинг тогтоох, сургалтын явцад онлайнаар олгосон шинэ мэдлэг, мэдээлэлийг танхимын сургалтаар бататгаж, хамтран ярилцах, хэлэлцүүлэг хийх, багаар ажиллах зэргээр сургалтын олон хэлбэрүүдийг ашиглаж ажилласнаар номын санчдын идэвх, оролцоо нэмэгдсэн практик ач холбогдолтой сургалт боллоо.