НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар тушаал

ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ

“Соёлын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 14 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний 3.1.18 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Номын сангийн үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Уг зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг төв, орон нутгийн нийтийн номын сан, бүх шатны сургуулийн номын сангийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

САЙД Ё. ОТГОНБАЯР

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар тушаалын хавсралт

Номын сангийн үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж

Энэхүү зөвлөмж нь номын сангийн үйлчилгээг автоматжуулах, номын сангийн програм хангамжийг сонгох, ашиглах, номын сангийн дотоод болон интернетийн сүлжээг байгуулах, номын санчдын ажлын байрыг компьютержүүлэхэд баримтлах баримт бичиг болно.

1. Номын сангийн үйлчилгээний програм хангамжийг сонгож, ашиглах

1.1. Програм хангамжид тавигдах шаардлага

1.1.1. Програм хангамжийн сонголтыг хийхдээ олон улсын шаардлага, стандарт, номын сангийн үйлчилгээний онцлогт нийцэж, номын сангийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээнд нийцсэн модулиудтай эсэх;

1.1.2.Програмыг ашиглахад жил тутам үйлчилгээний зардал гарах эсэх, ашиглах явцад илрэх алдааг хэрхэн засварлах, програмыг хэрхэн шинэчлэн сайжруулахыг судлах;

1.1.3. Програмын модулиудад номын санч бүр өөрийн нэр, нууц үгээр, уншигчид зөвхөн ном хайлтын модульд чөлөөтэй ханддаг байхаар тохируулах боломжтой эсэх;

1.1.4. Каталогийн карт, формуляр хэвлэх, тооллого хийж дүн мэдээг хэвлэх, уншигч, номын жагсаалтыг төрөл бүрээр гаргах, үйлчилгээний тоон мэдээг шаардлагын дагуу гаргах боломжтой байх;

1.1.5. Тоон мэдээллийг оруулах боломж (Full text, e-book гэх мэт.)

1.1.6. Номын сангийн бусад програм хангамжтай холбогдох боломж (Хамгаалалт, хувилж олшруулах гэх мэт.)

1.1.7. Дуу, дүрстэй ажиллах чадвартай байх;

1.2. Програм хангамж ашиглах чиглэлээр:

1.2.1. Электрон каталогт шинэ, сүүлийн үеийн, уншлаганд их эрэлт хэрэгцээтэй номуудаас эхлэн оруулах нь зүйтэй

1.2.2. Электрон каталогт ном оруулах 1 ажилтан нь ажлын 8 цагт хориос доошгүй нэр төрлийн номыг бүх хувь ширхэгийн хамт бүртгэх;

1.2.3. Бүртгэх үедээ О үсэг ба 0 тоо, 3 /гурав/ тоо ба 3 /зэ/ үсэг, Монгол А /а/ үсэг, Английн А /эй/ үсэг гэх мэт харагдах байдлаараа ижил боловч, компьютерт ялгаатайгаар тооцогддог үсэг, бусад тэмдэгтүүдийг хооронд нь хольж бичихгүй байх;

1.2.4. Үг үсгийн алдаа гаргахгүй байх нь электрон каталогоор номыг хайж олоход чухал ач холбогдолтой.

1.2.5. Номын нэрэнд орсон ром тоог дэс тоогоор бичиж хэвших;

1.2.6. Хайлтыг амжилттай сайн байлгахын тулд номын агуулгыг оновчтой илэрхийлэх түлхүүр үг, сэдэв зүйл, гарчгийг зөв мэргэжлийн онцлогийг харуулан сонгон авч, электрон каталогт бүртгэх;

1.2.7. Уншигчаар цээж зураг авчруулах, уншигчийн үнэмлэхээ гээсэн тохиолдолд нь дахин мөнгө төлүүлж олгодог зэрэг мэдээллийн технологи нэвтрээгүй байх үеийн ойлголтуудыг бүрэн халж, дэвшилтэт байдлыг байнга эрэлхийлж, судлаж, үйлчилгээндээ нэвтрүүлэх;

1.2.8. Онлайн лавлагаа, санал асуулга, электрон картын сан буюу лавлагааны индекс, электрон номын сан зэрэг нь тус бүрдээ зориулалтын програм хангамжаар хийгдэх тул Joomla, Drupal гэх мэт вэбд суурилсан агуулгын удирдлагын систем /content management system/, Greenstone, Dspace гэх мэт тоон номын сангийн програмуудыг судлаж, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх

2. Номын санчдын ажлын байрыг компьютержуулах чиглэлээр:

2.1. Техник хангамж

2.1.1. Номын санчдын өдөр тутмын үйлчилгээнд ашиглах компьютер нь Pentium 4 2.0GHz –аас багагүй үзүүлэлттэй процессор, 512 MB-аас багагүй хэмжээтэй шуурхай санах ой, дотоод сүлжээний карттай байх шаардлагатай.

2.1.2. Үйлчилгээний програм хангамжийг дагалдаж, ажлын байр бүрт дээрх үзүүлэлт бүхий компьютер байрлахын зэрэгцээ дохиолол хамгаалалтын Соронзон /magnetic/, Радио долгионон /RF – radio frequency/ технологийн алиныг нь хослуулан ашиглахаас хамаарч нэмэлт тоног төхөөрөмжүүд шаардагдана. Тухайлбал:

– Ном бүрт байрлуулах мэдрэгч элементүүд

– Уншигч өөрөө өөртөө үйлчлэх ажлын компьютерууд

– Лавлагаа, электрон каталогийн компьютерууд

– Электрон мэдээллийн сангууд уруу хандах эрх бүхий уншигчийн компьютерууд

– Скайннер, фото аппарат, Вэб камер, Микрофон бүхий чихэвч

– Принтер (local, эсвэл сүлжээний)

– Сервер компьютер ашиглаж байгаа бол орчин үеийн шаардлагад нийцсэн байх.

2.2. Программ хангамж

2.2.1. Номын санчдын компьютерт UBUNTU 9.0, Windows XP үйлдлийн систем, Open Office, MS Office програмуудыг сонгож суулгах, интернэтийн хөтөч Mozilla програмыг суулгаж, PDF файлыг үзэх Adobe Reader програм, мессенжерийн Pidgin програм, вирус болон файл алдагдахаас сэргийлж Deepfreeze, Free Opensource програмуудыг төлбөргүйгээр интернэтээс татан авч суулгасан байх;

2.2.2. Номын сангийн үйлчилгээнд ашиглагдах програм хангамжийг бүрэн суулгаж, принтер, цаас гэх мэт бүхий л тохиргоонуудыг хийж, Deepfreeze програмаар түгжиж хамгаалах нь компьютерийн програмын эвдрэлийг багасгах, вирусдэхээс сэргийлэх ач холбогдолтой.

2.2.3.Windows XP болон түүнээс хойшхи үйлдлийн системүүд нь монгол үсгийг агуулсан байгаа тул зөвхөн монгол үсгийг нэмж тохируулж, Ариал фонтоороо монголоор бичих нь UNICODE стандартыг хэрэгжүүлсэн зөв алхам юм. ЮНИКОД стандарт бий болсноор MonKey, Parawin гэх мэт ариалмон фонтыг ашиглан монголоор бичих нь стандарт биш болсон.

2.2.4. Зураг, аудио, видео файл засварлах програм суусан байх;

2.2.5. Номын санчдад зориулсан компьютер болон номын сангийн програм хангамжийг ашиглах гарын авлагаар хангах, дотоод сүлжээгээр ашиглах зааварчилгааг өгөх;

2.2.6. Дотоод сүлжээний сервер компьютерийг тусгай серверийн өрөөнд байрлуулж, ажиллуулах. Номын сангийн дотоод зохион байгуулалт, электрон үйлчилгээний онцлогуудаас хамаарч хэд хэдэн сервертэй байж болно.

Иймд сервер компьютеруудад Windows Server 2003, Ubuntu, FreeBSD гэх мэт үйлдлийн системүүдийн онцлогыг харгалзан сонголт хийж, суулгах;

3. Номын сангийн дотоод сүлжээг байгуулах чиглэлээр:

3.1. Дотоод сүлжээний кабелийг хэт урт татах, далдлагч хамгаалагчгүй байлгах нь мэдээллийн алдагдал, сүлжээний 24 цагийн хэвийн ажиллагааг алдагдуулах тул оновчтой байрлалаар татаж, зөв зохион байгуулах

3.2. Компьютеруудын сүлжээний карт, сүлжээний свитч төхөөрөмжийн зохицол, хурдыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангах;

3.3. Кабель бүрийг татахын өмнө шалгагч төхөөрөмжөөр шалгах;

3.4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд номын санчдад нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, компьютерийг бусдад хэрэглүүлэхгүй байх ёстойг анхааруулж, хор уршиг, үүрэг хариуцлагыг сануулах;

4. Ажлын байрны тодорхойлолтод компьютер, мэдээллийн технологийг ашиглаж хийх ажил, үйлчилгээнүүдийг тодорхойлж өгнө.

5. Интернэтэд өндөр хурдаар /1MB-аас дээш/ сүлжээгээр холбогдсон байх;

5.1. Нийтийн номын сан нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй хүрэх орчин нөхцөл нь болж байх ёстой тул доод хязгаар нь хэрэглэгчдэд зориулсан гурван компьютертэй байж интернэт үйлчилгээг төлбөргүйгээр зохион байгуулах;

5.2. Интернэтийн богино, тодорхой зорилгот сургалтуудыг хэрэглэгчдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан төлбөргүй эсвэл маш бага хэмжээний төлбөртэйгээр явуулах;

5.3. Вэб хуудас, имэйл хаягтай болоход юуны өмнө интернэт дэх төлбөргүй боломжуудыг ашиглах, улмаар бусад номын сангуудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглаж хамгийн бага боломжит зардлыг гаргах;

5.4. Интернэтийг ашигласнаар тулгаран гарч ирэх вирус, spam имэйл, spy програмууд, төрөл бүрийн plug-in, temp файлуудаас компьютерээ хамгаалах мэдлэгтэй байх нь номын сангийн дотоод сүлжээ улмаар үйлчилгээний програм хангамжийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад номын санч бүр үүрэг, хариуцлага хүлээнэ.