С.Дулам: Номзүйгүй ном бол ном биш. Номзүйгүй ном хэнд ч хэрэггүй

 

Монголын Номын сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй болон ажиллаж байсан хүмүүстэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулахаар болж эхний ярилцлагаа олон нийтэд түгээгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн ярилцлагаа МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, СЭНДЭНЖАВЫН ДУЛАМТАЙ хийлээ. С.Дулам гуай 1980-аад оны эхэн үед Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн эрхлэгчийн албыг хашиж байсан юм. Өдгөө судалгаа, шинжилгээнийхээ ажлаар гадаад улс орнуудад ажиллаж, олон олон номын сангуудаар үйлчлүүлж, хөгжлийн чиг хандлагыг уншигч, судлаачийн зүгээс тольдон яваа ажээ. Түүний эрхлэгч байх үеийн Монгол улсын номын сангийн байдал, гадаад улсуудын номын сангийн хөгжлийн талаар хэдэн хором хөөрөлдсөнөө толилуулъя. Ярилцлагын багт  Т.Хайдав, В.Түвшинтогтох нар ажиллаа. 

Та судлаач хүний хувьд гадаад дотоодын олон номын сангуудаар үйлчлүүлж байсан байх. Дэлхийн болон Монголын номын сангийн хөгжил ямар түвшинд байна вэ?

1979 оноос эхлэн ЗХУ-д диссертацийн ажлаар ном унших гэж явж байсан. Тэр үед миний хамгийн их сууж байсан номын сан В.И.Ленины нэрэмжит аварга номын сан байсан. Оросын хамгийн том номын сан байлаа. Одоо ч байгаа. Яагаад уг номын санг сонгосон гэхээр манайд судалгааны минь ажилтай холбоотой барууны номууд байдаггүйтэй холбоотой. Энэ номыг хаанаас олж болох вэ гэхээр Москвад очвол Ленины номын сан ч юм уу, Москвагийн их сургуулийн номын сангаас олж үзэх боломжтой байсан. Эхлээд Москвагийн их сургуулийн номын сан, А.М.Горькийн номын санд сууж байгаад дараа нь шилжээд В.И.Ленины нэрэмжит номын санд үнэмлэх авч хэдэн сар суусан. Тухайн үед миний авах гэсэн бараг л бүх ном байсан. Нэг бэрхшээл бол очер ихтэй. Цаг орчим хүлээлгэдэг байв. Тэр үед номыг гараараа хуулж авдаг байлаа. Одоо ч надад хэдэн дэвтэр бий. Мөн хэдэн копейк өгөөд одоогийн хэлээр бол канондуулна. Жишээлбэл В.Хайссиг багшийн монгол номын каталог, Монголын эртний гар бичмэлийг хувилж, хавтаслаад авчирч байсан. Дээр нь микрофиш гэж нэг зүйл байв. Микрофиш гэдэг нь киноны хальс шиг жижиг жижиг хальс дээр номын хуудсыг нэг нэгээр нь буулгаад тавьчихсан байдаг байв. Тэнд би Dominik Schneider гэж эрдэмтний Монголын тухай бичсэн номыг микрофишээр хувилж авч байсан. Одоо ч надад байдаг. Номын санд микрофиш уншдаг тусгай нэг танхимтай байдаг байсан.

 

Тэндээсээ Ленинградын их сургууль, одоогийн Санкт-Петербург хотын их сургуулийн номын санд очиж суух хэрэг яах аргагүй гарсан. Тэр номын сан миний хувьд ёстой диваажин байлаа. Учир нь Монголский фонд гээд Казанийн оросын Монголч эрдэмтдийн цуглуулсан монгол ном судар, гар бичмэлүүд байдаг газар байна. Тэндээс би маш олон гар бичмэл гаргуулж авч байсан. Тэр номын сангийн хувьд хувилж өгөхгүй юм аа. Гар бичмэлийн чанар муудна гэдэг юм уу яадаг юм. Бүгдийг нь дуурайлгаж гараараа хуулж авсан. Яг үсгээр нь, бичгийн хэв загварыг дуурайлгаж гараараа хуулаад. Тэгтэл Ленинградын Дорно дахины судлалын хүрээлэн гээд Шинжлэх ухааны академийн салбар, тэдний архив, судлаачдын архив гэж байна аа. Тэнд очиж суух хэрэг бас гардаг юм байна. Трешторний гэдэг түрэг судлаач эрдэмтэн их гол үүрэг гүйцэтгэсэн. Казитм гээд монгол судлаач эрдэмтэн байсан. Тэдэнтэй уулзаж зөвлөгөө аваад дорно дахин судлаач эрдэмтдийн гар бичмэлүүд тухайлбал Цэвээн Жамсрановын гар бичмэл Деминетивын гар бичмэл зэргийг авч үзэж уншиж, зарим нэгийг нь зургийн аппарат дээр буулгаж, ихэнхийг нь гараараа дуурайлган хуулж авч байв. 

Тэр үед гар бичмэлийн зургийг авахыг зөвшөөрдөг байсан хэрэг үү?

Үгүй ээ. Сэмхэн авна. Гэхдээ тэр бүтэлтэй юм болоогүй. Миний судалгааны ажлууд энэхүү гурван номын санд бараг байсан даа. Энэ бол миний үзсэн харсан Монгол судлалын талаарх маш чухал газрууд байв.

1985 онд Парисын Дорно дахины Хэл иргэншлийн сургуульд Монгол хэл, соёлын багшаар очоод Үндэсний номын санд нь суусан. Үйлчилгээ маш хурдан. Хүлээхийн зовлон нэг их байхгүй. Тэнд нэг гайхалтай сонин юм тохиолдож байсан. Би их гайхаж билээ. Би уг номын санг Москвагийн номын санг шиг бодоод “хаана очиж номоо хүлээж авах вэ” гэтэл “та зүгээр сууж бай” гэдэг юм байна. Тэгээд дэвтэр цаасаа бэлдээд жаахан юм уншаад сууж байтал гэв гэнэтхэн миний өмнө ширээн дээр гулдгас гээд ном маань унаад ирдэг юм байна. Би цочлоо. Би Ляо улсын судар, мөн хэдэн Домын судар захиалсан байсан юм. Гэтэл тэр ховор номууд гэнэтхэн ширээн дээр гулдгас гээд буучихлаа. Яасан гэсэн чинь хоолой шиг юмаар гулсаж явж байгаад миний өмнө ирсэн нь энэ байж. Би бүр соёлыг гайхаж хоцорлоо. Номын санчид захиалга өгөөд хүлээдэг байсан бол хүлээлгэлгүй ширээн дээр ирж байгаа нь их аятайхан санагдсан. Хамаг ном өөрөө ширээн дээр хүрээд ирж байгаа болохоор уншлагын танхим дундуур яваад, холхиод байх ч хэрэг алга. Босох ч хэрэг алга. 

Ном урсаж буй хоолойг та орохдоо анзаарсан уу, танд ямар нэг байдлаар тээг болохоор анзаарагдаагүй юу?

Ямар ч тээр болохооргүй л зохион байгуулсан болж таарч байгаа юм. Ний нуугүй хэлэхэд тэр олон уншигчийн ширээн дээр хоолойг тохируулсныг, яаж зохион байгуулсан учрыг нь одоо болтол бодоод ч олоогүй байна. Тухайн үед номын сангийн автоматжуулалтын төгс хэлбэр нь байсан байх. Их онцгой санагдаж байсан.

Одоогоос нэг сарын өмнө би Берлины улсын номын санд орж үзлээ. Тэнд Монголтой холбоотой ном судар 13 мянга гаруй байдаг юм байна. Монголын хуучин газрын зураг дүүрэн байсан. Тэндэхийн нэг дэвшилттэй тал нь онлайнаар уншиж болно. Михаил Палк гээд нэг доктор бий. Тэр Монгол, Түвд номыг хариуцдаг. Монгол хэлэнд тун сайн. Сүүлд нь нэг Монгол охин нэмж авсан байна лээ. Монголын хуучин газрын зураг, тухайлбал хошууны газрын зургийг онлайнаар үзэж болно. Дээр нь монгол гар бичмэлийг тодорхой мөнгө өгөөд хувилж өгч явуулж болно. Надад линкүүдээ ирүүлсэн. Надад хэрэгтэй номыг хувилж өгдөг үйлчилгээ үнэхээр сайхан санагдсан.

2000 оны үед Кембрижийн их сургуульд очиж үзсэн. Энэ номын сан үнэхээрийн сайн системтэй номын сан байсан. Номыг онлайнаар үзэж болдог. Мөн Боннын их сургуулийн Төв Азийн семинар гэж хуучин байсан Түвд, Монгол судлалын тэнхим гэж бий. Би тэнд 5 удаа очсон. Эрт үед бол хааны ордон байсан. Одоо бол олон давхар шаттай. Төв Азийн болон Монголтой холбоотой номууд тавиур дүүрэн байдаг. Тэнд каталогийг нь харж байгаад өндөр шатаар өгсөж уруудаж номуудаа өөрөө олж аваад тэндээ суугаад уншина. Энэ бол судалгаа хийхэд их аятайхан байсан. Би 1993 онд очихдоо их олон ном хувилж авсан. Номоо өөрөө хувилж авна. Хувилдаг машин нь хажууд байж байна. Мөн нэлээдийг нь гараараа хуулж авсан. Тэр номын санд Монгол судлалын бараг бүх ном бий. Дутуу юм бол ёстой байхгүй. Миний номууд л гэхэд бүгд байсан. Берлины Штатебиблиотект миний 17 ном байна лээ. Монголоос л ирж авдаг бололтой юм. Мөн номын солилцоогоор очдог юм шиг байсан. Монголоос Интерномын дэлгүүртэй номын солилцоо хийсэн сураг байсан. 

Бидний залуу үед хамгийн их суудаг номын сан бол Монголд Улсын номын сан байлаа. Горькийн номын сан бас байсан. Мөн МУИС, МУБИС-ийн номын сангууд байлаа. Улсын номын санд (одоогийн МҮНС) сууж байхдаа хуучин сонин сэтгүүлийг их ашигладаг байв. Үнэн сонин, Залуучуудын үнэн гэх мэтийн сонинуудын дээр үеийн дугаарууд байдаг байв. Нэг аюул нь хэрэгтэй юмаа үзэх гэхээр тэр хэрэгтэй зүйлийг маань дундаас нь ураад, зүсээд авчихсан байна.  Багш нар нэг даалгавар өгөхөөр биелүүлж буй нөхөр нь түүнийг ураад авчихдаг юм шиг байгаа юм. Энэ бол номын сангуудад тулгарч буй маш том гамшиг юм даа. Манай улсын номын санд амьдралдаа үзээгүй нэг том ном байсан. 14.7 метр урттай хуйлмал Монгол ноёдын угийн бичиг юм. Түүнийг уншихад орон зай хэрэгтэй болно. Тэгсэн атлаа сан хөмрөгөөсөө гаргахгүй гэнэ. Сан хөмрөгийн завсарын зай маш давчуухан. Тэгээд нөгөөхийг чинь нэг урт зайд захаас нь дэлгэж тавьж байгаад өсгөдөг шил бариад мөлхөж уншина. Өөр арга байхгүй. Ингэхдээ арай өөр нэг цаас дэвсэж байгаад түүн дээр өөрөө явган суухдаа суугаад, өвдөглөхдөө өвдөглөөд уншина даа. 

Бид саяхан “Монгол хүний нэрийн толь” гэдэг номын өмнөх үгийг харж байгаад таныг 1980-д оны эхээр МУИС-ийн эрдэм шинжилгээний номын сангийн эрхлэгч байсан гэдэг мэдээг олж үзлээ. Энэ тухай та яриач.

Энэ бол их сонин түүх. Намайг номын сангийн эрхлэгч байсан тухай мэддэг хүн бараг байдаггүй юм. 1980-аад оны үед МУИС-ийн номын сан шатаад сүйд болсон юм. Тэр үед Намсрайн Содном гуай МУИС-ийн ректор байлаа. Нэг өдөр сургуулийн ректор дуудаж байна гэлээ. Тэр үед би залуу багш байлаа. Юун тухай ярих нь вэ гээд яваад очтол “За чамайг их сургуулийн номын сангийн захирлаар тавина” гэж байна. Тэгэхээр нь “Өө би номын сангийн мэргэжилгүй. Чадахгүй” гэлээ. Тэгтэл “Чамайг бид гуйгаагүй, тушааж байна” гэдэг юм байна. Тэр үед хүний хүслийг харгалздаг цаг биш байв. Тэгэхээр нь би номын сангийн наад захын мэдлэгтэй болмоор байна. Эрхүү, Москвагийн номын сангуудтай танилцаж номын сангаас туршлага судалмаар байна гэлээ. Ингээд уг газруудад явж туршлага судаллаа. Давхар судалгааны ажлаа ч хийж явлаа.

Номын санд байхдаа мэргэжлийн номын сангуудыг төрөлжүүлэх ажлыг хийсэн. Тухайн үед  Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС, МУИС-ийн харьяанд байсан. Уг сургуулийн номын санг байгуулах болж МУИС-ийн номын сангаас техникийн холбогдолтой номуудыг гаргаж тус сургууль руу бүрэн шилжүүлсэн. Дараа нь Орос хэлний сургууль буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн номыг санг тусад нь гаргаж орос хэл, утга зохиолын холбогдолтой номуудыг мөн шилжүүлсэн. Үүний дараагаар их сургуулийнхаа номыг санг Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Эдийн засгийн ухааны номын сан гэж гурав хувааж байсан. Мөн тогтмол хэвлэлийн номын сан гэж тусад нь гаргаж, сан хөмрөгийн модон тавиуруудаа гаргаж төмөр тавиураар сольсон. Төмөр тавиур нь галын аюул тохиолдсон үед сэргийлэх ач холбогдолтой учир ийм ажлыг зохион байгуулсан нь энэ юм. Эдгээр ажилд хамгийн их тусалсан хүн бол А.Дариймаа гуай юм. Тухайн үедээ сайд нарын зөвлөлийн даргын гэргий, хоёрдугаар тэргүүн хатагтай байлаа. Номын сангийн ажлыг нугалахад А.Дариймаа гуайн нэрийг их барьж явдаг байлаа. Дариймаа гуай өөрөө ч их энгийн, ихэрхүү зангүй сайхан хүн байлаа. Шинэ номын бүрдүүлэлтийг Номын коллектор болон “Новый книга” гэдэг каталог шүүж байгаад хийдэг байлаа. Ном бүрдүүлэхдээ ажилд факультет болгонд агент маягийн хүмүүс байлгадаг бөгөөд математикийн номыг та хариуцна, физикийн номын та хариуцна гэх мэтээр хуваарилаад тухайн хариуцсан хүний саналыг авч захиална. Монгол судлалын холбогдолтой номыг би өөрөө хариуцдаг байсан. Мөн номын сан шатсаны дараагаар ахин зохион байгуулах шаардлага гарсан. Ингээд хамгийн сайн, тэргүүний ангилал хаана байна, юу байна гээд судлаад үзтэл ЗХУ-ын бүх номын сангууд ашигладаг ББК буюу Номын сан-Номзүйн ангилал гэдэг ангилал байдаг тухай олж мэдсэн. Ингээд уг ангиллыг нэвтрүүлж байлаа. Номын санг ийнхүү цэгцэлсний дараагаар Н.Содном гуайд хандаж мэргэжлийнхээ ажлыг хийх санал хүргүүлж номын сангийн ажлаа өгч байлаа. Ингээд уншигч болсон доо. 

Судалгаа, эрдмийн ажил хийхэд номзүй ямар ач холбогдолтой вэ. Сүүлийн үед номзүйгүй судалгааны бүтээлүүд харагдах боллоо.

Би Эрхүү, Москвад явж байхдаа эрдмийн ажлын номзүйг ЗХУ-ын стандартын дагуу маш сайн бичиж сурсан.

Номзүйгүй ном бол ном биш. Номзүйгүй ном хэнд ч хэрэггүй. Индекс, нэрийн хэлхээс, ном зүйгүйгээр судалгааны бүтээл хийж, хэвлүүлж буй бол судалгааны ажил хийхгүй байсан нь дээр. Номзүй хийхдээ сүүлийн үеийн шилдэг системийг ашиглаж журмалсан байхгүй бол болдоггүй. Номзүйн цэг, зураас бүр нь үүрэгтэй. Бидний үед ном дотроос авсан өгүүллийг ишлэх, сэтгүүлийн өгүүлэл ишлэх, редакторын ард ямар тэмдэг тавих зэрэг нь маш нарийн. Миний дэд эрдэмтний дессартаци бол номзүйгээрээ үлгэр жишээ болсон гэж боддог. Их, дээд сургуулиудад номзүйг маш сайн зааж сургах шаардлагатай байгаа юм. Үүнийг эрдэм шинжилгээний аргазүй дээр оруулж заах хэрэгтэй. Би ч судалгааны ажлын аргазүй хичээл дээр оюутнуудад бага сага зүйл хэлж өгдөг. Герман зэрэг барууны орнуудад судалгааны ажлын номзүйг дутуу хийсэн бол авч үзэхгүй. Диплом удирдаж буй эрдэмтэн, профессорууд ууртай нэг нь бол нүүр өөд нь чулуудна. Нэг цэг алдахад л чулуудна. Орчин үед номзүйн олон стандарт, загварууд бий болж байна. Жишээлбэл. Харвард, Чикагогийн гэх мэт. Одоо бид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Харвардын номзүйн бичилт зэргийг ашиглаж байна.  Би судалгааны бүтээлдээ ашиглахаар хийсэн номзүйгээ бичсэн файл компьютер дотор маань бий. Хэрэгтэй номуудаа хурдхан тийш нь хийчихдэг юм. Дараа нь нэг өгүүлэл бичихдээ номзүйгээсээ лавлагаагаа гаргаад ирнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд ийм номзүй онцгой чухал. Өгүүлэл бичих тоолондоо номзүйг шивээд байх нь маш их цаг алдана. Ийм учраас нэг л удаа хийгээд дараа нь түүнээсээ иш татаад явчих нь амар байдаг.  

Судлаачдад номын сан ямар байр суурь эзлэх вэ? Номын сангаар ордоггүй, номын сангаар үйлчлүүлдэггүй судлаач гэж байж болох уу?

Огт байж болохгүй. Судлаач хүнд нэгд номын сан, хоёрт: Миний мэргэжлээр бол хээрийн судалгаа, гуравт: архив чухал. Номын сангүйгээр судалгаа хийх боломжгүй. Ялангуяа сурвалж бичгүүд, гар бичмэлийг номын сангаас авч үзэхээс өөр аргагүй. Судалгааны номууд гэхэд миний дөрвөн өрөө байшин дүүрэн байна. Ийм болохоор барагтай бол номын сан луу явах шаардлага гарахгүй байна. Гэхдээ л тодорхой гар бичмэл, сурвалжуудыг үзэхийн тулд гарцаагүй номын сан орно. Яах ч арга байхгүй. 

Судлаач хүний хувийн номын сан ямар байх ёстой вэ? Та тэр олон номон дундаас хэрэгтэй номоо яаж олж авч байна вэ?

Төрлөөр нь ангилж байна. Ийн ангилахдаа өөрөө өөртөө ангилал бий болгож л төрөлжүүлж байна. Хамгийн гол нь номын сангийнхаа номуудын байршлыг хөдөлгөхгүй л удаан байлгах хэрэгтэй байдаг. Тэгсэн цагт бол ном олох зовлон байхгүй. Гэрийнхний маань хэн нэгэн нь гэрээ гоё болгох гээд номын санг маань олон зөөвөл энэ нь надад маш хүнд болно. Анх тавьсан байршил маань алдагдаад өөр байршилд очоод яг хэрэгтэй номоо олох гэж цаг алдах тохиолдол бий. Өөрөө байрлуулаад цээжилчихсэн байхад асуудалгүй. Нэг чиглэлийн номуудыг нэг газар байрлуулаад байхад ямар нэгэн хүндрэл гарахгүй. Хүүхдүүд маань ном олж авах бол чиглэлийг нь хэлээд өгчихнө. Тэр хавьд тийм ном бий гээд. Шавь нар орж ирээд ном авна. Надад “хар дэвтэр” нэртэй ягаан дэвтэр бий. Тэр дотроо ном авсан шавь нараа ном авсан он сар өдөр, нэрийг нь бичүүлж, гарын үсгийг нь зуруулдаг. Энхбаатар гэдэг шавь маань таван ном авлаа гэхэд тэдний өдөр таван ном авлаа гээд жирийтэл нь бичээд гарын үсэг зурна. Тэгсэн цагт бол ном аваад явж болно. Гэхдээ бүх шавь нартаа ном өгнө гэж байхгүй. Гарын шавь нартаа л өгдөг. Номын сангаас маань нэг ном л дутуу байхад андахгүй. Хаачив гээд эрэл сурал болно. Намайг эзгүйд хүн авсан уу, ширээн дээр орхисон байх уу гээд баригдана даа. Тэгээд дараа нь шавь нар маань буцаагаад номоо ширхэг ширхгээр нь ард нь өгсөн гэдэг тэмдэглэлээ хийгээд буцааж тушаана. Энэ нь бага шиг номын сангийн үйлчилгээ шиг л юм явагдаад буй юм.

Зарим нэг олох боломжгүй номууд, дэлхийн бусад орнуудад хэвлэгдсэн номууд, манай номын сангуудад байхгүй номуудыг дэлхийн монголч эрдэмтэдтэй холбогдож асууж сурахаар гарын үсгээ зураад явуулна, тэгэхээр зэрэг ном худалдаж авах асуудал байхгүй болж байна. Зарим нэг нь ном гаргаад мартагнавал “уучлаарай таны номыг нэг үзмээр байдаг” гээд мэйл бичихэд дороо ирнэ. Ялангуяа Өвөр-монголчууд, Хятадын Монгол судлаач эрдэмтэд надад номоо өгөхгүй байна гэж бараг үгүй. Нэг хуралд очиход хоёр, гурван цаасан хайрцаг номтой цуглана. Сүүлийн үед дөрвөн өрөө маань багтахаа больж байна. Жаахан хэрэглээ багатай номуудаа зуслангийн байшин руу явуулж байна. Гэхдээ л амархан дүүрэх юм. Манай гэрт одоо хоосон тавиур огт байхгүй. Бүгд багтаж ядталаа чихээстэй. Миний нэг бэр архитектурч мэргэжилтэй. Нэг удаа манайд ирээд “За аав минь байшин барилга гэдэг чинь даацын хэмжээ гэж байдаг. Нэг мэдэхэд  таны номын сан доод айлд чинь байж байх вий. Доод давхрын чинь айлд орчих магадлал өндөр байна” гэж байсан.

Энэ нь хувь хүний баялаг уу, үндэсний баялаг уу гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Миний бодлоор төр засаг анхаардаг бол намайг нэг бөххөн номын тавиуруудтай болгож өгдөг болоосой, номын сангийн туслалцаа үзүүлдэг хүн томилоод өгчхөөсэй гэсэн бодол төрөх юм. Би өөрөө номын бүртгэл хийх, каталогжуулах гэхээр цаг зав таарч өгөхгүй юм.

Өөрийн бичсэн ном нэг том шүүгээ дүүрээд хоёр дахь том шүүгээ дүүрч байна. 

Таны бүтээлийн номзүй гэж гарсан уу?

Хоёр удаа хэвлүүлж байсан. Одоо удахгүй Олон улсын Монгол Судлалын Холбооны Bulletin гэж гардаг. Түүнд дээр нэлээн сүүл үеийн бүтээлүүдийн номзүй гарна. Нэгдсэн номзүй миний хувийн вэб сайт дээр байдаг. Гэхдээ эдгээр нь хуучны бүтээлийн номзүйнүүд байдаг. Сүүлийн үед номзүйгээ бүртгэж дийлэхгүй тал руугаа орж байна. Ялангуяа иш татсан жагсаалтыг ер нь гаргаж дийлэхгүй болж таарч байна. Тааралдсан үед нь, нэлээн нэртэй эрдэмтэн иш татсан бол тэмдэглэж аваад үй олон хүмүүсийн хамгаалж буй диссертац магистр, магистрантын ишлэлийг тоолох аргагүй болоод байна. Үүнээс харахад манайд иш татсан бүтээлийн жагсаалтыг гаргадаг систем дутагдаж буй харагдаж байгаа юм. Судалгааны салбарт энэ нь их чухал ач холбогдолтой.