УНШЛАГЫГ ДЭМЖИХ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн

А/683 дугаар тушаалын хавсралт

УНШЛАГЫГ ДЭМЖИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Уншлагыг дэмжих зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр албан байгууллага бүр уншлагын төв, уншлагын газар, номын сан, номын клуб ажиллуулж, уншигчдыг ном хэвлэл, мэдээллээр хангах зорилгоор ном, тогтмол хэвлэлийн сан хөмрөгийг бүрдүүлж, өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн болгон ажиллаж болно.

Хоёр.Уншлагыг  зохион байгуулах үйл ажиллагаа

2.1.Уншлагыг дэмжих ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулж болно.

2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ,

2.1.2.жил бүрийн 4 дүгээр сарын 23-нд “Дэлхийн номын өдөр” арга хэмжээ,

2.1.3. жил бүрийн 4 дүгээр сарын 2-нд “Олон улсын хүүхдийн номын өдөр” арга хэмжээ,

2.1.4. дэлхийн болон  монголын шилдэг зохиолчдын нэрэмжит уншлагын уралдаан,

2.1.5. тухайн нутгаас төрөн гарсан эрдэмтэн, зохиолчдын нэрэмжит уншлагын уралдаан,

2.1.6. “Уншлагын жил, сар”-ын аян,

2.1.7. “Уншлагын цаг”, “Гэр бүлийн уншлага” арга хэмжээ,

2.1.7. Зохиолч-уншигчдын уулзалт, ярилцлага,

2.1.8. Зохиолын дүрийн уралдаан,

2.1.8. Номын тухай хэлэлцүүлэг,

2.1.9. Бусад.

2.3.Уншлагыг дэмжих чиглэлээр энэхүү журмын 2.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна байгууллагын онцлогоос хамаарч дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.3.1. Үндэсний болон нийтийн номын сан нь тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй уншлагын төв, уншлагын газар, номын клубтэй хамтран ажиллаж, мэргэжил арга, зүйн зөвлөгөө өгөх.

2.3.2.Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн байгууллагууд хүүхдийг зөв ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн уншлагыг дэмжих олон талт ажлыг өргөн хүрээгээр зохион байгуулах.

2.3.3.Хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагууд зөв ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн соёл олон нийтийн ажлыг уншлагаар дамжуулан зохион байгуулах.

2.3.4.Номын сан, уншлагын төвүүд нь тусгай бүлгийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн тав тухтай орчныг бүрдүүлж, уншлагын олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах.

2.3.5. Үндэсний болон нийтийн номын сан нь номын санч, бүх шатны боловсролын байгууллагын  багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд уншлагыг удирдах, хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.

Гурав.Урамшуулал

3.1. Аймаг, нийслэл, орон нутгийн  Засаг дарга нь тухайн орон нутагт нийтийн уншлагыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан тэргүүний уншигчгэр бүл, байгууллага хамт олныг шалгаруулах болзлыг батлан, жил бүрийн “Номын баярын  өдөр” шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгуулна.

3.2. Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх зорилгоор уншигч хүүхдүүдэд “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг их зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр шалгаруулж олгоно.

3.2.1. Хүүхдийн төв номын сангийн захирал нь хүүхдийн зохиолч, багш, сурган хүмүүжүүлэгч, номын сан, хүүхдийн байгууллага, эцэг, эхийн төлөөллөөс бүрдсэн Зөвлөлийг байгуулан, тус зөвлөлийн санал, дүгнэлтийн дагуу энэ журмын 4.2-т заасан шагнал олгох болзол, удирдамжийг батална.

3.2.2.Аймаг, нийслэлийн нийтийн номын сан нь 4.2.1-д заасан болзлын хангасан тэргүүний уншигчийг шалгаруулж жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор  Хүүхдийн төв номын санд хүргүүлнэ.

3.2.3.Хүүхдийн төв номын сангийн захирал нь зөвлөлөөс гарсан дүгнэлтийг үндэслэн “Тэргүүний уншигч-Д. Нацагдорж тэмдэгтэн” шагналыг олгох шийдвэрийг гаргана.

Дөрөв. Уншлагыг сурталчлах үйл ажиллагаа

4.1.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь  уншлагыг  олон нийтийн  хүртээл болгоход чиглэгдсэн нэвтрүүлгийн цаг, цахим болон тогтмол хэвлэлийн буланг тогтмол ажиллуулж уншлагыг дэмжиж сурталчилна.

4.2. Тэргүүний уншигч гэр бүл, байгууллага хамт олон, иргэний ном унших тэргүүн туршлага, арга барил, ном хэвлэлийн мэдээллийг нийтэд сурталчлах, алдаршуулах  үйл ажиллагааг  бүх шатны боловсролын байгууллага, нийтийн номын сангууд  тогтмол зохион байгуулна.

4.3. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, нийтийн хоолны газар зэрэг хүн ам олноор цугладаг газарт нийтийн уншлагыг сурталчилсан материалуудыг олноор байршуулж сурталчлах ажлыг төрийн болон төрийн бус байгуулага, номын сангууд нь хамтран зохион байгуулна.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/8768?lawid=13752