Үндэсний номын сангийн барилгын багануудын учир

Үндэсний номын сангийн барилгын талаар хүмүүсийн төдийлөн мэдэхгүй хөгжилтэй ч гэмээр нэгэн түүхийг хүргэе.

Үндэсний номын сангийн барилга нь 1951 онд ашиглалтанд орсон бөгөөд Монголын анхны барилгын инженер Б.Мотоо эх загварыг нь гаргаж, хүрээ хийдгүй болсон залуу лам нар болон 1949 онд Халх голын дайнд олзлогдсон Япон цэргүүдийн хүчээр барьж босгосон байна.

Харин барих явцад мэргэжлийн хүмүүс ховор байснаас тэр үү барилгын зураг дээр төв хаалгыг баруун талд нь байхаар төлөвлөсөн ч одоогийн байгаа байдлаар эсрэг талд зүүн тийш харуулан барьчихжээ. Барилга гэдэг нэгэнт барьчихсан тохиолдолд нурааж буулгах, дахин барих нь хүч хөдөлмөр, дахин хөрөнгө мөнгө, цаг хугацаа үрсэн төвөгтэй ажил болдог учир барилгын үндсэн хийц, төлөвлөлт алдагдаагүй учраас тэр чигт нь үлдээж, хаалга гаргасан талынхаа гаднах үзэмжийг нь нэмэгдүүлж, зурагт тусгаж төлөвлөсөн үндсэн фасад нь юм шиг харагдуулах зорилгоор хожуу том багануудыг нэмж барьсан байна. Ингэснээр Үндэсний номын сангийн барилга өнөөгийн төрхөө олж, нийслэл хотыг чимэх болсон юм. Үнэхээр ч энэхүү барилга сүүлийн үед дээврийн хучилт талаас дусаал гоождог, өвөлдөө хүйтэн, дуу чимээ тусгаарладаггүй хэмээн “гологдох” болсон ч Монголын үндэсний барилгачдын бүтээсэн анхны бүтээн байгуулалтын болоод тухайн үеийн гэрч юм. Үүнийг сэргээн засварлах, энэ хэвээр нь авч үлдэхэд төрийн бодлого, залуусын оролцоо, мэргэжлийн хүмүүсийн санаачилга чухал байна.