Ж.Цэзэн: Монголд номын сан судлал судлалын хэмжээнд үүсээд хорь гаруй жил л болж байна

Монголын Номын Сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдтэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг судлах, олон нийтэд мэдээлэх, сурталчлах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулах болсоор гуравдахь удаагийн ярилцлагаараа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид СУИС-ийн Соёлын сургуулийн “Ном хэвлэл мэдээллийн профессорын баг”-ийн тэргүүлэх Профессор (Sc.D), багш Ж.Цэзэнтэй уулзаж байна. Монголын номын сан судлал болон номзүйн өнөөгийн байдлын тухай цөөн хором хуучилсан яриагаа толилуулж байна. Ярилцлагын багт Т.Хайдав, В.Түвшинтогтох нар ажиллалаа.

Номын сан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

– Номын сан судлалын ажил явагдаж л байна. СУИС-ийн Соёлын сургууль Номын сан судлалын мэргэжилтнүүдийг 50 жил бэлдсэн тал бий. Судлал гэдэг асуудал бол бакалаврын түвшнээс дээш яригддаг асуудал. Одоогийн байдлаар 30-аад магистр хамгаалчихсан, ном хэвлэлийн салбараас 5 доктор/Номын сан судлалаар А.Нансалмаа, Номзүй судлалаар Тунгалаг, Хэвлэлийн технологиор Ц.Шүгэр, Хэвлэлийн ажлаар Етикбай/ эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Судлал гэдэг асуудал бол бакалаврын түвшнээс дээш яригддаг асуудал.

 

Номын сан судлалын үндэс суурь тавигдаад 50 жил болж байна гэсэн үг үү?

– 1990 оноос хойш суурь нь тавигдсан гэж үзэж болно. Ямар суурь гэхээр номын сан судлал-мэдээлэл зүй ч гэдэг юм уу номын сан судлал- номзүйн мэргэжлээр судалгааны ажил хийх явдлыг дэмжээд тэр судалгааны ажил нь ийм индексийн дор явгадна гээд удирдах дээд байгууллагаас баталсан, түүний дагуу явагдаж байгаа сургалт, хамгаалж байгаа магистр зэргээс хамаарч буй юм.

Номын сан судлалыг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

Их сайхан асуулт байна. Намайг хэн сонсдог юм бол доо. Гэхдээ миний шавь нар сонсох цаг болсон гэж бодож баяртай сууна. Юу гэхээр манай салбарыг ойшоож сонсож буй хүн цөөхөн дөө. Үүнийг юугаар илэрхийлж болох вэ гэхээр сая дурдагддаг тавхан докторын тоогоор авч үзэж болох юм. Энэ нь юу вэ гэхээр бусад салбартай харьцуулахад нойл арваны хэдхэн хувийг эзэлнэ. Тэгэхээр үүнийг сонсохгүй байх нь аргагүй. Өөрөөр хэлбэл салбар хөгжөөгүй байна. Салбарын судлал хөгжөөгүй байна. Тавин жил бэлдээд л байдаг бэлдээд л байдаг. Үнэндээ бол учир дутагдалтай тал байна аа гэж гаднын улс орнуудтай харьцуулахад харагддаг. Номын сан судлагдахуун юм уу? Номын санг судалж болдог юм уу гээд нэгэн эрдэмтнээр 60 хуудастай эрдмийн ажлаа өөдөөсөө шидүүлж байсан цаг бий. Сүүлд нь тэр хүн номын сан судлалын тухай маш сайн ойлголттой болоод миний магистрын ажлыг удирдаж, судлал болгоход их үүрэг гүйцэтгэсэн. Ингэж байж л магистр, докторын үүд хаалга нээгдэж байсныг анх удаа бараг ярьж байна. Одоо докторын ажлыг олон хүн сонирхож байгаа ч удирдах хүн байхгүй байна.

Манай салбарыг ойшоож сонсож буй хүн цөөхөн дөө. Үүнийг юугаар илэрхийлж болох вэ гэхээр сая дурдагддаг тавхан докторын тоогоор авч үзэж болох юм. Энэ нь юу вэ гэхээр бусад салбартай харьцуулахад нойл арваны хэдхэн хувийг эзэлнэ. Тэгэхээр үүнийг сонсохгүй байх нь аргагүй. Өөрөөр хэлбэл салбар хөгжөөгүй байна. Салбарын судлал хөгжөөгүй байна.

Сургалтын хөтөлбөрт бодлогод асуудал байна уу?

– Би 1980 онд Украинд сурч байхдаа бакалаврын диплом хамгаалсан. 37 жил өнгөрөхөд бүхэл бүтэн улс 5 доктор, 30 магистртай сууж байна. 30 магистрын 90 хувийг би удирдаад сууж байна гэдэг чинь/би мундагтаа биш шүү/ манай салбарт боловсон хүчин дутагдалтай байгааг харуулж байна. Эрдмийн зэрэг цолтой хүнийхээ тоог нэмэх, судалгааны суурь бодлогоо тогтвортой болгох ёстой, хамтарч дуугарах ёстой зүйл дутагдалтай байна л гэсэн үг. 37 жилийн өмнө Украинд үзэж байсан номзүй судлалын хичээлийг 7 жилийн өмнө л Монголд бакалаврын түвшинд судлах хичээл болгож оруулж байна.  Үүнийг нэмж оруулах гэж ямар олон асуудал болж байж орсон гэж бодож байна. Номын сан судлалын салбар маань хөгжиж л байна. Гэхдээ дэлхийгээс хоцорч байна. Юу юун дээр хоцорч байна гэхээр олон зүйлийг дурдаж болохоор байна. Нэгд: Дэлхийн жишгийг тууштай судлахгүй байна. Нэг улсын номын судлалыг тууштай судалчих боломж энэ 20 гаруй жилийн хугацаанд байсаар ирсэн. Зах зээлийг дан мөнгөн дээр бодож болохгүй. Зах зээлийг мөнгө гэж үзэх юм бол мөнгө олох боломж нь тогтвортой хөгжил. Тогтвортой хөгжлийг олох бодлого нь чанартай судалгаа, чанартай үйл ажиллагаа юм. Тэгээгүйгээс эдгээр зүйлүүд хоорондоо солигдоод байна. 30 магистр хамгаалуулахад 2015 он хүртэл соёл судлалын магистр гэсэн нэртэй явж байсан бол 2016 оноос нийгмийн ухааны магистр гэх болсон. ОХУ-д Номын сан судлал гэсэн индексээр өдийг хүртэл магистр хамгаалуулсаар л байна. Эрдэмтдээ сонсох асуудал, тогтвортой хөгжлийн асуудал, сургалтыг явуулж буй үндэс суурийг тогтвортой хөгжүүлэх явдал л биднийг дэлхийгээс хоцрох шалтгаан болоод байна. Хоёрт: Бид хамтдаа ярих, хамтдаа хөөцөлдөх асуудал их байна. Та нарын ирээдүйд та нарыг хүлээж байгаа асуудал зөндөө байна. Номын сан дэлхийн ертөнцийн оршин тогтнох зангилааны түлхүүр болоод байна. Тэгж байхад иймхэн доктортой, иймхэн магистртай байж байдаг. Суурийг нь лавхан ухаагүй болохоор энэ судлал маань салхи хөдлөхөөр уначих гээд байна. Дэлхийн жишгийн хөтөлбөрөөс хоцорсон байна. Таван жилийн өмнө батлуулсан сургалтын хөтөлбөр одоо өөрчлөгдсөн байна. Ахиад ч өөрчлөгдөх тухай яригдаж байна. Жил болгон сургалтын хөтөлбөрийн үзэх хичээлийн зөвхөн нэр өөрчлөгдөж байна. Нэр өөрчлөгөднө гэдэг чинь агуулга нь өөрчлөгдөнө гэсэн үг. Үзэх хичээлийн нэр, агуулга өөрчлөгднө гэдэг чинь төгсөж байгаа оюутнуудын түвшин салбар шинжлэх ухааны ай савыг багтааж чадахгүй нэг бол хальж давхиад, нэг бол хумьж хураагаад яваад байна. Энэ бол бодлого байхгүйгийнх гэхээс илүү салбарын хүмүүс хамтарч ажиллаад, хамтарч дуу хоолойгоо хүргэх ёстой. Монгол ардын зүйр үгэнд байрнаасаа хөдөлсөн чулуу мөддөө байраа олдоггүй гэдэг үг бий. Яг түүн шиг номын сан судлалын салбар байх ёстой байрандаа очоогүй учир ийм байдалд байна. Та хоёрын ярилцлага авахаар ирж байгаа нь хөгжих цаг нь ирээд байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

37 жилийн өмнө Украинд үзэж байсан номзүй судлалын хичээлийг 7 жилийн өмнө л Монголд бакалаврын түвшинд судлах хичээл болгож оруулж байна.

 

Зах зээлийг дан мөнгөн дээр бодож болохгүй. Зах зээлийг мөнгө гэж үзэх юм бол мөнгө олох боломж нь тогтвортой хөгжил. Тогтвортой хөгжлийг олох бодлого нь чанартай судалгаа, чанартай үйл ажиллагаа юм.

 

30 магистр хамгаалуулахад 2015 он хүртэл соёл судлалын магистр гэсэн нэртэй явж байсан бол 2016 оноос нийгмийн ухааны магистр гэх болсон. 

 

Монгол ардын зүйр үгэнд байрнаасаа хөдөлсөн чулуу мөддөө байраа олдоггүй гэдэг үг бий. Яг түүн шиг номын сан судлалын салбар байх ёстой байрандаа очоогүй учир ийм байдалд байна.

Сүүлийн үед номын санч нар маань номзүй нэртэй зүйлсийг их хийж байна. Эдгээр нь номзүй мөн үү биш үү, номзүй гэдэг маань каталогоос юугаараа ялгаатай, ямар байх ёстой гэсэн ерөнхий шалгуур бий юу?

– Улсын стандартын газраас арваад жилийн өмнө ийм ийм стандартыг орчуулж өгөөч гэж намайг дуудаж байсан. Судлаад үзтэл ОХУ-д номзүй гэж юу болох талаар гаргасан стандарт байсан. Би хичээлдээ 1990 оныхыг барьдаг. ОХУ-д хамгийн сүүлд 2000 онд шинэчлэгдэж байсан. Стандартаар баталгаажсан зүйл л бичиг баримт болж баталгааждаг. Гэтэл тэр үед манайхан стандартад номзүй гэдэг үгийг оруулсан байснаа гэнэт хасчихсан байсан. Тэгээд л би харамсаж байсан. Дундаа цэгтэй нь хээлтэй гүү гэж хэлдэг шиг тийм маягаар номзүй хийх юм бол бид нар Хүннү, Сүннү рүүгээ л буцаж байна гэсэн үг. 50 жил номын сангийн мэргэжилтэн бэлдсэн юм бол бодлогын чанартай номзүйн бүртгэлийг ямар төрөл хэлбэрээр хийх гэдэг дээр тодорхой бодлого баримталсан, тэр нь стандартаар батлагдсан, батлагдаагүй ч гэсэн баримтлах журам байх ёстой. Гэтэл манайд тийм юм байхгүй. Яг дунд нь цэгтэй нь гүү гэдэг шиг дур дураараа юм хийцгээж байна. Жишээлбэл МУИС-д хадгалагдаж байгаа номын нэрсийг гаргах гэж байгаа бол номын нэгдсэн бүртгэл, МУИС-ийн багш нарын бүтээл гэвэл намтар номзүй, МУИС-д үзэх ёстой номын жагсаалт гэвэл хөтөлбөрт сурах бичгийн номзүй, МУИС-аас гаргасан гэхээр яг юуг хамарсан юм, ямар зорилго тавьсан юм гэдэг нь бүгд бодлоготойгоор, тогтсон онолын дагуу хийгдэх ёстой учраас энэ асуудал дээр Үндэсний номын сан, Хотын номын сан, манай сургууль ч гэсэн тогтсон юм л баримтлах ёстой. Номзүйгээс гадна ишлэлийг буруу хийж байгаа нь өмд гуталтайгаа номоо хамт бүртгэсэнтэй адил явдал болж байна. Номзүйг дуртай нь хийдгээ болих хэрэгтэй. Санамж өгөх, эрдэм судлалд туслах номзүйг бусад газраас хийдэг байж болно шүү дээ.

Дундаа цэгтэй нь хээлтэй гүү гэж хэлдэг шиг тийм маягаар номзүй хийх юм бол бид нар Хүннү, Сүннү рүүгээ л буцаж байна гэсэн үг.

Та одоо ямар ажил хийж байна. Номзүйчийн хувьд, СУИС-ийн Соёлын сургуулийн “Ном хэвлэл мэдээллийн профессорын баг”- ийн тэргүүлэх Профессорийн хувьд?

– Ном хэвлэлийн салбарын нэвтэрхий толь дээрээ сууж байна даа. 15000 нэр томьёо түүвэрлээд хоёр сайхан бандгар ном гаргаад өгчих юмсан гэж бодоод явж байна. Сая та Ном хэвлэлийн профессорын багийн тухай асуулаа. Уг ажил их хэцүү. Шинжлэх ухааны доктор хүн 16 кредит цаг заана гэдэг бол ёстой чөмөг царцаасан ажил. Би түүн дороо та нар шиг ирсэн магиструудад зөвлөгөө өгөөд бакалавраас дээш сурч буй хүмүүст диплом бичих арга зүйн эзэмшүүлээд, энэ салбарын суурь бүтээлүүд дээр сууж баймаар байгаа юм. Тэгтэл тийм боломж алга. Боломж нь байгаад өдөр шөнөгүй суугаад хийлээ гэхэд хэвлүүлэх мөнгө нь байдаггүй. Би олон ном хэвлүүлсэн өөрийн мөнгөөр л хэвлэж байна. Шинжлэх ухаан технологийн шагналтай 3 номтой. Царай нь жаахан тааруу.

Залуус, шинэ үеийн номын сан судлаач нартаа хандаж та юу хэлмээр байна вэ?

– Өмнөх эрдэмтдийнхээ хийсэн зүйлсийг үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Өмнөх хүмүүсийнхээ бүтээлийг үнэлэхгүй байна. Ингээд тарамдаад байх юм бол дэлхийгээс хоцроод л байна. Үргэлжлүүлээд л хөгжүүлэх ёстой. Хүлээн зөвшөөрөх ёстой. Алдаатай хийсэн бол Цэзэн багшийн ажлыг шүүмжилдэг судлаач төрөх ёстой. Олон эрдэмтэн хүмүүс судалж байж энэ салбарыг илүү дутууг шүүж аль нь зөв болохыг магадлах ёстой. Тийм учраас залуучуудыг судлаасай, битгий шантраасай гэж уриалмаар байна. Надад тулгарсан шиг бэрхшээлийг нэг бол доогуур нь нүх ухаад, нэг бол дээгүүр нь нисээд, нэг хажуугаар нь гарах хэрэгтэй.

Танд баярлалаа. Таны цаашдын эрдэм судлалын болоод сургалтын ажилд тань өндөр амжилт хүсье.