Authority name буюу номын сан дахь нэрийн хэлхээс

Сайн каталоггүй бол номын сангийн сан хөмрөгт хэчнээн үнэ цэнэтэй материал байгаад ч хэрэгтэй хүн нь олж уншиж чадахгүй, ашиглалтгүй болж хувирдаг.

Сайн каталог гэдэг нь гоё ганган хийцтэй шүүгээ, өнгө дизайны гоё шийдэл бүхий вэб сайтаас илүүтэй тухайн номын санд байгаа бүхий л баримт, мэдээллийг олон янзын аргаар хайн олж, шүүлтүүр, эрэмблэлтийг хялбар хийх зэргээр ашиглахад хялбар байдлаар хийгдсэн байх ёстой гэж боддог.

2018 оны 6 сард IVLP (International Visitor Leadership Program) хөтөлбөрт хамрагдах үедээ конгрессийн номын санд зочилж өөрийн бичсэн “Номын сангийн үндсэн ойлголтууд&#8221;  номыг бэлэглэсэн юм. Тухайн үед <<…манай номын сан ном бүрийг аваад байдаггүй, зөвхөн шаардлагыг хангасан номыг л тодорхой шалгуурын үндсэн дээр сонгож авдаг..>> гэсэн тайлбарыг сонссон тул <<Миний ном Монгол судлалтай шууд хамааралтай биш тул каталогт бүртгэгдэхгүй байж магадгүй>> гэж бодож байв.

Гэтэл 4 сарын дараа буюу 2018.10.10 -нд <<Таны номыг бид каталогт оруулах гэтэл 1969 онд хэвлэгдсэн Ан агнуурын тухай номын зохиогч Т. Хайдав гэдэг хүн манай каталогт бүртгэлтэй байна. Хэрэв та тэр хүн биш, Төмөрийн Хайдав мөн бол өөрийн төрсөн огноог ирүүлнэ үү>> гэсэн захидал хүлээж авлаа. (Зураг №1)

Зураг №1

Уг захидлын хариуг илгээсний дараа Т.Хайдав гэж өөр ямар зохиогч байгааг олж мэдэхээр номын сангуудын каталогоос хайлт хийхэд хэд хэдэн номын санд уг зохиогчийн номууд гарч ирж байна. Эдгээрээс Үндэсний номын сангаас олдсон мэдээллийг зурагт харууллаа. (Зураг №2)

Зураг №2

Захидлын хариуд өөрийн мэдээллийг илгээсний маргааш <<…таны номыг каталогт нэмлээ. Линкийг хавсаргав…>> гэсэн утгатай захидал бас хүлээн авав. (Зураг №3)

Зураг №3

Энэ номыг каталогт оруулах гэж буй мэргэжилтэн маань номын дотор хавтас дээр бичсэн email хаягийг ашиглан надтай холбогдон нөгөө Хайдаваас намайг ялгахыг хүссэн захидал бичиж, мэдээллийг хүлээн авсны дараа каталогт оруулаад, бас номыг каталогт нэмсэн тухай залхууралгүй хариу өгсөнд баярлахын зэрэгцээ “Номын сангийн каталог зохион байгуулах, каталогт ном зүйн мэдээлэл оруулах нь нэлээд хугацаа, судалгаа шаардсан мэргэжлийн ажил байдаг, харин бид?&#8221; гэсэн бодол толгойд эргэлдсээр энэхүү нийтлэлийг бичиж байна.

Нэрийн хэлхээс яагаад хэрэгтэй вэ?

Номын сангийн электрон каталогт ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүртгэхэд зарим програмд (жнь: Коха) зохиолч болон байгууллага, газрын нэрийг тусгай жагсаалтаас оруулахыг шаарддаг тохиргоо бий. Манай практикт ийм жагсаалтыг албан ёсоор хэрэглэсэн туршлага хомс тул номын санчид энэ тохиргоог арилгаад нэрсийг өөрсдөө гараар бичих нь элбэг.

Ингэж гараар бичсэнээр нэг хүн, нэг байгууллага, газар усны нэрсийг өөр өөрөөр бичих, заримдаа өөр хүн мэт ойлголт төрөхүйц үр дүн гардаг. Жишээ: Сумдын соёлын төвийн номын сангийн monbiblio програмд Ц. Дамдинсүрэнг толгой гарчигт (100$a талбар) хэрхэн бүртгэсэн байгааг харууллаа. (Зураг №4)

Зураг №4

Энэ нь хэдийгээр жижиг алдаа мэт харагдавч ном хэвлэлийн тоо ихсэх тусам яг хэрэгтэй мэдээллээ олж авахад хүндрэл учруулаад зогсохгүй номын сангийн каталогийг судалгааны зорилгоор ашиглах, хэн нэгэн хүний намтар ном зүй үүсгэх гэх мэт ажилд буруу мэдээлэл дамжуулах эрсдэлтэй.

Нэрийн хэлхээс үүсгэсэн туршлага

Номын сангийн салбарын хөгжил өндөр түвшинд хүрсэн улс орнуудад зарим зохиолчид нууц нэрээр ном хэвлэдэг, зарим байгууллага нэрээ өөрчилдөг гэх мэт шалтгаанаар каталог зохион байгуулхад зориулсан нэрийн хэлхээс үүсгэж, жижиг номын сангууд уг хэлхээсийг шууд татан авч ашигладаг туршлагууд бий.

Номын сан бүр өөрийн нэрийн хэлхээс үүсгээд явж болох ч аль нэг зохиогч, байгууллагын нэрийг бүгд нэг янзаар бичдэг байх үүднээс томоохон байгууллагууд энэхүү ажлыг хэрэгжүүлэх нь илүү ир дүнтэй. Жишээ: Конгрессийн номын сангийн нэрийн хэлхээс. (Зураг №5)

Хэдэн Т.Хайдав бүртгэгдсэн байлаач бүгд хоорондоо ялгаатай гэдгийг энэ зурагнаас харж болно.

Зураг №5

Нэрийн хэлхээс (authority) үүсгэх нь аль нэг нэрсийн “жагсаалт&#8221; үүсгэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг шаарддаг.

Дараах зурагт зохиогчийн (хүний) нэрийн хэлхээсийг үүсгэхдээ цөөнгүй талбарт мэдээлэл бүрдүүлдэг болохыг харуулжээ.

Монголын номын сангууд нэрийн хэлхээс хийдэг үү?

Authority буюу нэрийн хэлхээсийг Монголын номын сангууд хэрхэн ашиглаж байгааг Коха програм ашиглаж байгаа томоохон номын сангуудын каталогт хийсэн харьцуулалтаас харж болно.

Номын сангууд Authority гэх үгийг хэрэглэдэг эсэх: (Personal name буюу Хүний нэрийн хэлхээс  хайж үзсэн.)

МҮНС: Нэрийн хэлхээсийн хайлт байхгүй. Юу гэж орчуулдаг, яаж хэрэглэдэг нь тодорхойгүй.

ХоТНС: Нэрийн хэлхээсээр хайлт хийж болно. Үр дүн гарна. “Authority search&#8221; гэх үг орчуулгагүй

МУИС НС: Нэрийн хэлхээс хайлтын үр дүн байхгүй. “Authority search&#8221; гэх үгийг “Хэвлэн нийтлэгчээр хайх&#8221; гэж орчуулсан.

АШУҮИС НС: Нэрийн хэлхээсээр хайлт хийж болно. Үр дүн гарна. “Authority search&#8221; гэх үгийг “Байгууллагыг хайх&#8221; гэж орчуулсан.

СУИС НС: Нэрийн хэлхээсийн хайлт байхгүй. Юу гэж орчуулдаг, яаж хэрэглэдэг нь тодорхойгүй.

MONKOHA: Нэрийн хэлхээсээр хайлт хийж болно. Үр дүн гарна. “Authority search&#8221; гэх үгийг “Нэрийн хэлхээс хайх&#8221; гэж орчуулсан.

Яах ёстой вэ?

Жишээнд дурдсан номын сангуудын электрон каталогийн нийтийн хэсгээс харагдаж байгаагаар:

  1. Authority гэх үгийг  “Байгууллага&#8221;, “Хэвлэн нийтлэгч&#8221;, “Нэрийн хэлхээс&#8221; гэж 3 янзаар орчуулсан.
  2. Нэрийн хэлхээс үүсгэсэн номын сангуудын хувьд зөвхөн хүний нэр буюу “жагсаалт&#8221; төдий хязгаарлажээ.
  3. Зарим нь authority үүсгэн ашиглах боломжтой програм хангамж ашиглаж байгаа ч хэрэглэдэг эсэх нь тодорхойгүй.

Үүнийг үндэслээд Монголын номын сангуудын хувьд authority ашиглалт хангалтгүй байна гэж үзэж болно.

Тэгвэл цаашид энэ байдлаар яваад байх уу? эсвэл authority буюу нэрийн хэлхээсийг стандартын дагуу үүсгээд явах уу? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна.

Нэрийн хэлхээсд (authority) ач холбогдол өгөхгүй цааш явна гэвэл энэ тухай дахин ярих шаардлагагүй.

Харин номын сангийн каталог үүсгэх, лавлагааны ажилд ашиглах нэрийн хэлхээс (authority) үүсгэе гэвэл бидний өмнө том хэмжээний ажил хүлээж байна.

Хэрэв энэ ажлыг хийнэ гэвэл шийдвэр, зохион байгуулалт, зардлыг шийдвэрлэх санхүүжилт, яаж хийхээ шийдвэрлэх хэд хэдэн удаагийн уулзалт зөвлөгөөн, ажиллах хүний нөөц, туршлага судлах, сургалтын материал боловсруулах, сургалт зохион байгуулах гэх мэт олон ажлыг мэргэжлийн түвшинд чанартай хийснээр сайн үр дүн гарна.

Хэн, хэзээ хийх вэ? гэдэг талаар та өөрийн санал бодлыг хуваалцана уу.

 

Ашигласан эх сурвалж:

  1. http://library.gov.mn
  2. http://monkoha.com
  3. http://nationallibrary.mn
  4. http://koha.pl.ub.gov.mn
  5. http://catalog.num.edu.mn
  6. http://catalog.mnums.edu.mn
  7. http://catalog.msuac.edu.mn
  8. https://authorities.loc.gov

3 Comments

  1. Ууганбаяр

    Танд баяр хүргэе. Үнэхээр чухал, шаардлагатай байгаа сэдвийн талаарх мэдээлэл, судалгааг уншлаа. Энэ ажлыг хийж эхлэх нь зүйтэй байхаа бодлогоор дээд газар яам дэмжээд МҮНС, Монголын номын сангуудын консорциум хамтраад мэргэжлийн түвшинд чанартай хийснээр сайн үр дүнд хүрэх байхаа. Танд амжилт хүсье

  2. Ууганбаяр

    Танд баяр хүргэе. Үнэхээр чухал, шаардлагатай байгаа сэдвийн талаарх мэдээлэл, судалгааг уншлаа. Энэ ажлыг хийж эхлэх нь зүйтэй байхаа бодлогоор дээд газар яам дэмжээд МҮНС, Монголын номын сангуудын консорциум хамтраад мэргэжлийн түвшинд чанартай хийснээр сайн үр дүнд хүрэх байхаа. Танд амжилт хүсье

Comments are closed.