Номын санд гар утасны үйлчилгээ үгүйлэгдэж байна

Нийтийн номын сангийн 2012 оны статистик мэдээллийг харахад Монгол улсын хүн амын 10 гаруй хувь буюу 289600 хүн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн тоо байна.

Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо бага байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Жнь:

    1. Өнөөгийн иргэд номын санд очиж үйлчилгээ авах цаг, хугацаа боломж бага

    2. Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь иргэдийн ажлын цагтай давхцаж байгаа

    3. Номын сан тохь тух муутай

    4. Номын сангийн фондын баяжилт хангалттай бус

    5. Номын сангийн байрны багтаамж бага

    6. Суудлын тоо хангалтгүй

    7. Үндсэн ажлаасаа холдохгүйгээр ажил, гэртээ үйлчилгээ авах сонирхолтой иргэд байгаа

    8. Технологийн хөгжлөөс шалтгаалан номын сангаас шинэ, дэвшилтэт(цахим, орон зайн хувьд хязгаарлалтгүй) үйлчилгээ авах сонирхолтой

    9. Номын сангийн зүгээс үзүүлэх тусгай (тодорхой бүлэг хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр үйлчлүүлэх гэх мэт.) үйлчилгээ бага

    10. Иргэд илүү ихийг хүсдэг болсон г.м.

Дээрх статистикт дурдсанаар номын сангуудын суудлын нийт тоо  10540  байгаа нь нийт иргэд номын сангаар үйлчилгээ авах боломж бас л хомс байгаа илтгэнэ.

 

Номын сангийн үйлчилгээнд хамрагдагсадын тоог нэмэгдүүлнэ гэдэг нь зөвхөн номын санд ирж үйлчилгээ авч байгаа иргэдээс гадна номын сангийн үйлчилгээг гэрээсээ, ажлаасаа гэх мэт алслагдсан зайнаас хүртэж буй нийт иргэдийг хамруулан ойлгоно.

 

Үйлчилгээг номын сангийн байрнаас гадуур иргэдэд хүргэнэ гэдэгт зөөврийн номын сан, утасны үйлчилгээ, интернэт үйлчилгээг хамруулан ойлгож болно.

Монголын интернэт хэрэглэгчдийн тоо 2010 оны  байдлаар 709,625 гэсэн албан бус тоо байна. Энэ нь Монгол улсын хүн амын 30,6 хувь нь интернэт ашигладаг гэсэн үг юм.

 

Гэтэл Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2012 оны 6 сарын 30-ны байдлаар 3,313,871 болсон байгаа нь Монгол улсын хүн бүр гар утас хэрэглэж байгаатай адил тоо гарна.

Хэдийгээр зарим хэрэглэгчид 2, бүр 3 нь ч операторын хэд хэдэн дугаар барьж байгаа ч 7-80 хүртэлх насны бараг бүх иргэд утсан харилцаатай болсоныг бид бүгд мэднэ.

 

Албан бус мэдээгээр эдгээр иргэдийн нэлээд хэсэг нь буюу 2012 оны байдлаар 200000 гаруй хэрэглэгчид ухаалаг утас хэрэглэж байгаа нь номын сангаас ”гар утасны үйлчилгээ” авах боломжтой иргэдийн тоо хангалттай их байгааг нотлон харуулж байна.

 

Иймээс номын сан дахь утасны үйлчилгээг идэвхжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

 

Герман улсын ……… хотын нийтийн номын сангийн үйлчилгээнд утсан харилцаа нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Тэнд үйлчилгээнд зориулсан зөөврийн утас байх бөгөөд уг утсыг асуултанд хариулт өгөх чадвар, боломж бүхий ажилтнуудад (номзүйч, аргазүйч) ээлжээр хүлээлгэж өгөх бөгөөд уг ажилтан утсаар ирсэн асуултад хариулах үүрэг хүлээдэг аж.

Номын сангаас иргэдэд үзүүлэх “утасны” үйлчилгээг дотор нь:

Лавлагаанд зориулсан үйлчилгээ: (Асуултанд хариулах) Энэ үйлчилгээнд утастай хүн бүр хамрагдах боломжтой байхаар зохицуулах

Мэдээлэлд зориулсан үйлчилгээ : Номын сангийн шинэ номын мэдээ, вэб хуудас, электрон каталог гэх мэт. Энэ үйлчилгээнд ухаалаг гэгдэх утастай хүн бүр хандах боломжийг бүрдүүлэх нь чухал.

 

  1. http://www.crc.gov.mn/main.php?cid=1&;do=86 – Гар утас хэрэглэгчдийн албан тоо
  2. http://mongolnews.mn/i/34894 – Ухаалаг гар утас хэрэглэгчдийн албан бус тоо
  3. http://www.fact.mn/?p=22666 интернэт хэрэглэгчдийн албан бус тоо
  4. http://crc.gov.mn/file/setguul/CRCnewssecond.pdf  Интернэт хэрэглэгчдийн албан ёсны тоо

[novelist-books columns=”4″ genre=”404″ order=”DESC” pagination=”false” number=”4″]