Дурлах, зүүдлэх, унших гурав адилхан буюу уншигчийн арван эрх
Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимс хамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход. Арван таван наст капитан, Капитан Грантын хүүхдүүд, Монте Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн гэж адал явдал хөөж, овоо хөөрхөн хүүхэд шиг эхэлснээ Ги де Мопассаны өгүүллэгүүд, Бальзак, Хюгог хүртэл уншчихдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр” гэж уншиж болдоггүй, том хүний ном байдаг гэж сонсуутаа нэгнээсээ сурагласаар байж олоод уншчихна. Харин багшийн заавал уншаарай гэсэн номыг унших тун дургүй.
Тэр үед бид сайн муу ном, сайхан муухай зохиолч гэж бодож ч байсангүй, үзэл санаа, өгүүлэмж зохиомж нь юу юм бол энэ тэр гэж толгойгоо гашилгаж ч байсангүй, зүгээр л номын ертөнцөд яваад орчихдог, тэндээ жаргаж байгаад л гараад ирдэг байж.
…