Монголчуудын оюун санааны уналт ба Номын сан

 

/Эрдэнэт хотын номын сангийн тухай/

Монголд социализм нурлаа. Нийтийн сэтгэлгээ задарлаа. Оюун санааны эрх чөлөө ирлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө хэлж, бичиж, хийж бүтээх эрх чөлөө. Эрх чөлөөтэй болсоор хоёр арван өнгөрлөө. Гэтэл эрх чөлөө, бидний амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав? Яахав, материаллаг талаас нь авч үзвэл хүмүүс хувийнөмчтэй, худалдаа наймаатай гэхчлэн цөмөөрөө биш юм гэхэд цөөнхи нь ч атугай амьдрал ахуйгаа дээш татсан л биз. Тэгвэл эрх чөлөө, бидний оюун санааны амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав?

Нэгдүгээрт: Ном уншиж сууснаас, янжуур ширхэглэж зарах нь ашигтай, ном бичиж байснаас, спирт найруулж зарах нь амьдралд хэрэгтэй болсон тул хүмүүс аргагүйн эрхэнд материаллаг сэтгэлгээнд автаж, мөнгөний “эрхшээл”-д оров.

Хоёрдугаарт: Хүмүүсийн ядуурал хоосрол, гачигдал зовлон, өвчин шаналал дээр бизнесийн “тоглолт” хийдэг Буддын болон Христосын шашины хамгийн болхи урсгалууд, хуурамч бөө, худалч мэргэч төлгөч нар, тэнгэр газрын нэр барьж шинээр “шашин” үүсгэгчид гаарч, нийтээрээ мухар сүсэгтэн болов.

Гуравдугаарт: Мал хувьчлагдаж, малчид гэнэтхэн хувийн өмчитнүүд болсноор хөдөөний хүүхдүүд бөөн, бөөнөөрөө сургууль завсардаж, бичиг үсэггүйчүүдийн өргөн эгнээг бий болгов.

Эдгээр хүчин зүйлс Монголын боловсрол, соёлын системд хүнд цохилт үзүүлж, нийтийн оюун санааны уналт нүүрлэв. Нэгэнт оюун санааны уналт бий болсон тул урлаг, соёлын амьдралд хэрэглээний чиг хандлага давамгайлж, сэтгэлгээний хувьд нэн доогуур төвшний, хялбархан, хямдхан, зугаа төдий үзвэр, бичвэрүүд түгээмэл болов.

Гэвч нийгмийн задрал, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаан яваандаа засрах төлөвт шилжиж байна. Бидний оюун санааны амьдралд ч эргэлт, сэргэлт илэрхий ажиглагдаж эхэллээ.

Ийм уналтын үед ч сэтгэлгээний чиг шугамаа эс алдан, нийгмийн соён гэгээрэлд “цучил” нэмэрлэсээр асан уран бүтээлчид цөөн боловч бий бөгөөд тэдэнд хойч үе маань талархах биз ээ.

Ямар ч цаг үед олон түмний оюуны хэрэгцээг хангагч байх ёстой номын сангууд харин үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ? Нэг үеэ бодвол, унших идэвх нь сэргэж буй уншигчдыг татах, улам идэвхжүүлэх ямар ажил хийж байна вэ?

Энэ эргэцүүллээс үүдэн, номын сангийн асуудлыг хөндөж бичихээр шийдлээ. Ингэхдээ Эрдэнэт хотын номын санг сонгон авлаа. Монгол улсын хөгжлийн гол цэгүүдийн нэг, амжиргааны төвшин, хүн амын тоо гэхчлэн гол, гол үзүүлэлтүүдээр ч дээгүүрт жагсдаг, бас залуусын хот гэгддэг, цэмцгэр, цэл залуухан энэ хотод оюун санааны амьдрал ямаршуухан төвшинд байна вэ? Энэ асуултын үнэн зөв хариултыг “Номын төв”-өөс нь хайхад буруудах юун.

Уншлагын танхим: Давын өмнө уншигчийн үнэмлэх шаардана. Энэ ч хаа сайгүй жишиг болсон зүйл. Уран зохиолын ном сонирхоё л доо. Мэдээж олон мянгаар тоологдох номын фондтой гэдэг нь тодорхой. Гэтэл уншигчийн өмнө санаанд оромгүй цөөхөн номын нэрстэй, хэдхэн цаасан католог тавиастай байна. Тэдгээр нь ихэвчлэн хуучин номууд. Шинэ, шилмэл /Дэлхийн уран зохиолын дээжис 50 боть тэргүүтэй/ номууд нь шилэн хоргонд өрөөстэй. Ердөө л үзүүлэн төдий. Катологт нэрс нь ч байхгүй. Хөөрхийлэлтэй, хязгаарлагдмал сонголттой тэр катологоос нь хайсан номоо хэрэв олвол захиалгын хуудас бөглөнө. Тэр нь бас үнэтэй. Тэгээд л та тулхтай уншигч бол хэдэн оюутан, сурагчдын дунд сондгойрч суух хэрэг гарна. Ер нь уран зохиолын, тэр тусмаа хүүрнэл зохиолын номыг уншлагын танхимд суугаад унших нь /манай нөхцөлд/ цаг зав, тав тух, аль ч талаасаа зохимжгүй зүйл л дээ.

Гэрээр ном олгох танхим: Жирийн нэгэн хувь хүний номын цуглуулгаас ядмаг, хэн бүхний мэдэх хэдхэн ном. Шинээр ном ер ирдэггүй, ирсэн ч гэрээр олгогддоггүй мэт. Номын сан нь хагас нээлттэй, уншигчид нь хагас эрхтэй мэт. Сонголт дэндүү хязгаарлагдмал. Тэгээд ном авах бол мэдээж мөнгө /1 ш ном, хоногийн 200 төг/ төлнө. Уншигчдын ном унших хүсэл сонирхолыг өдөөх ёстой газар маань яг эсрэгээр. Уг нь олон нийтийн номын сан шүү дээ. Ард түмний татварын мөнгөөр санхүүждэг атлаа ахиад л татаас авсаар…

Ер нь улсын хэмжээнд бүхий л номын сангууд иймэрхүү байдалтай. Номын санчид нь ихэвчлэн мэргэжлийн бус. Номзүйн талаархи мэдлэг мөхөс. Урлаг, соёлын мэдрэмж сул. Тиймээс номын фондоо декетив, эротик, хэрэглээний чиглэлийн зохиолууд, хэрхэн баяжих вэ? гэх мэтийн зөвлөмж, гарын авлагуудаар л голдуу өргөжүүлнэ. Жинхэнэ сонгодог, үнэ цэнтэй, дээд төвшний ном зохиолууд сонголтын гадна үлдэнэ. Зөвхөн өнөөдрийг биш, маргаашийг ч харж, чухал хэрэгтэй номуудыг таньж, цуглуулж, архивлаж, хадгалж, хамгаалах нь энэ байгууллагын үүрэг мөн л юм сан.

Номын дэлгүүрт арван мянгаас доош үнэтэй ном харагдахгүй шахам болжээ. Зохиогчид ч номноосоо боломжийн ашиг олдог болчихож. Номын худалдаа эрхлэгчид ч дэвжсээр байна. Энэ нь бидний оюун санааны амьдралд ахиц дэвшил гарч буйн илрэл юм. Гэтэл номын сангууд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй, хариуцлагаа ч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай хэрэг юм.

Шинэ номууд ихэнх нь каталогжоогүй, хуучны номууд нь номын санчдын буруутай үйл ажиллагаа, зориулалтын бус байр сав, хадгалалтын стандарт мөрдөөгүй зэргээс шалтгаалан үрэгдчихсэн ийм л номын сангууд, ажлын арга барил болоод сэтгэлгээний хоцрогдолтой тийм л номын санчид шинэ эрин үед бидний болоод хойч үеийн оюуны хэрэгцээг хангаж чадна гэж үү?

Уншигчид юу хүсч байна вэ? Тэд нээлттэй, чөлөөт, өргөн сонголттой, орчин үеийн номын санг хүсч байна. Тэгэхээр манай улсын номын сангийн системд дорвитой өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай байна. Нийгмийн хөгжлийн хөтөч нь оюуны хөгжил гэдгийг хүн төрөлхтний түүх гэрчилсээр байдаг.

-Эрдэнэт хотод оюун санааны амьдрал ямар төвшинд байна вэ?

-Ээ, тун ч доогуур байна!

Энэ хариулт бол “Номын төв” нь байлаа.

Posted 4th December 2013 by

 

Эх сурвалж: http://nyamkhishig.blogspot.com/

 

Зургийг:-http://libraries.mit.edu/news/files/2015/11/BrainforWeb.jpg