Хориотой ном

Монголын номын сангуудын консорциум (МНСК)-ын зүгээс гишүүддэ зориулсан сургалтыг сар бүр хийдэг. Энэ нэгдүгээр сарын сургалтыг 2018.01.18-ны өдөр АНУ-н ЭСЯ-тай хамтран Улаанбаатар хотын төв номын санд зохион байгуулсан.

Уг сургалтад Бээжин дэх АНУ-н ЭСЯ-ны мэргэжилтэн Жон Д Амикантонио оролцож “Номын сан ба олон нийтийн харилцаа”, “Номын сан дахь бүтээлч орон зай”, “Номын сангийн менежмент ба лавлагааны үйлчилгээ” сэдвийн хүрээнд лекц уншиж, Монголын номын санчидтай санал бодлоо хуваалцлаа.

Уг сургалтын үед яригдсан нэг сэдэв бол Banned book буюу хориотой номын тухай ойлголт юм.

Banned Book буюу Хориотой ном гэж юу вэ?

Өнөө цагт хүссэн хүн бүр ном бичих, хэвлэх эрхтэй болсонтой холбоотой янз бүрийн  газраас хэвлэгдэн гарч буй, редакц хийгдээгүй номууд номын санд ирэх болсон.

Номын санд хандиваар ирсэн, худалдан авсан номын дунд “чанаргүй”, “зохисгүй агуулгатай” номууд ч байдаг бөгөөд эдгээр номыг уншигчдад чөлөөтэй уншуулаад байх уу, эсвэл уншлага, үйлчилгээнээс хасах уу гэсэн асуулт номын санчдад тулгардаг.

Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, нийтийн номын санд хүүхэд, залуучуудад муу нөлөө үзүүлэх магадлалтай тул зарим номыг уншлага үйлчилгээнээс хасах саналыг гаргадаг. Харин эрдэм шинжилгээний болон их дээд сургуулийн номын сангаас ямар нэг номыг хасах ёсгүй.

Номыг “Хориотой ном” болгохын тулд эхлээд уг номыг үйлчилгээнээс хасах санал гаргадаг бөгөөд түүнийг Challenged Book гэж нэрлэдэг.

Challenged book – Номын санд ирсэн зарим номын агуулга уншигчдын (ялангуяа хүүхэд) нас, сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзвэл тухайн номыг уншлага, үйлчилгээнээс хасахыг санаол болгох үйл ажиллагаа. Уншигчид, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, номын санчид энэ саналыг гаргана. Эдгээр санал бүхий номын жагсаалтыг нийтийн номын сангууд, ЕБС-н номын сангууд гаргадаг байна.

Banned Book – Агуулга болон хэвлэлт, зураг, чимэглэл зэргээр номын номын сангийн уншлага, үйлчилгээнд нийцэхгүй гэж Challenged Book жагсаалтад орсон номуудыг тусгай эрх бүхий зөвлөл хуралдаад үйлчилгээнээс хасах эсэхийг шийддэг. Номыг үйлчилгээнээс хасах хүртэлх эрх эдэлдэг зөвлөл гэдэгт ихэвчлэн нийтийн номын сангийн зөвлөл, сургуулийн удирдах зөвлөл багтдаг.

Энэхүү зөвлөлийн хурлаар үйлчилгээнээс хасах номуудыг тогтоож, тэдгээрийг Banned Book  (Хориотой ном) гэж нэрлэнэ.

Харин Америкийн номын сангийн холбоо (ALA) -ны зүгээс номыг аль болох үйлчилгээнд байлгах саналыг оруулдаг юм байна. Тийм ч учир заримдаа Read Banned Book буюу “Хориотой ном унших” арга хэмжээ зохион байгуулдаг аж. (http://www.bannedbooksweek.org/)

Харин номыг хэвлэхээс өмнө ямар нэг байдлаар хорио тогтоодоггүй.

Зургийг: https://www.facebook.com/john.damicantonio

Уг лекцийн хүрээнд мэргэжилтэн Жон Д Амикантониогийн хэлсэн үгнүүдээс хүргэж байна.

“Лавлагааны номын санч бол тухайн номын сангийн нүүр царай болдог.”

“Номын санчид аливаа нийтлэл, өгүүлэл болон бусад зүйлсийг хийхдээ ашигласан эх сурвалжаа байнга дурддаг нь мэргэжлийн онцлог.”

“Номын санчид бол өдөржингөө дуртай номоо уншаад суудаг хүн гэсэн ойлголт Америкт ч байна. Яг үнэндээ тэнд ном унших завгүй ажилладаг.”

“Номын эрсдлийг номын сан хариуцна, харин номын санч хариуцахгүй”